Home / Articles / АСЕМ-ын дээд түвшиний 11 дүгээр уулзалтын явцад...
АСЕМ-ын дээд түвшиний 11 дүгээр уулзалтын явцад хийгдсэн радио давтамж зохицуулалт, хяналтын үйл ажиллагааны товч тайлан
2016-10-10
АСЕМ-ын дээд түвшиний 11 дүгээр уулзалтын явцад хийгдсэн радио давтамж зохицуулалт, хяналтын үйл ажиллагааны товч тайлан АСЕМ-ын дээд түвшиний 11 дүгээр уулзалтын явцад хийгдсэн радио давтамж зохицуулалт, хяналтын үйл ажиллагааны товч тайлан

2016 оны 7 дугаар сарын 4-өөс 16-ны өдрийн хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Ази европын орнуудын дээд түвшний уулзалтад ашиглагдах радио төхөөрөмжүүдийг хянах, шалгах, хэвийн үйл ажиллагааг хангах ажлыг Харилцаа холбооны зохицуулах хорооны радио давтамж зохицуулалт хяналтын албаны хамт олон зохион байгуулж, хийж гүйцэтгэлээ.

Бэлтгэл ажлыг 2016 оны 1 дүгээр сараас эхэлсэн бөгөөд уулзалтад оролцогч орнуудаас ирэх төлөөлөгчдийн хамгаалалтад ашиглах радио төхөөрөмжүүдийн давтамжууд болон хэвлэл мэдээллийн ажилтнуудын ашиглах радио төхөөрөмжийн талаар мэдээлэл авч, мөн өөрийн орны радио давтамжийн зохицуулалтын талаарх мэдээллийг төлөөлөгч орнуудад хүргүүлсэн. Мөн дотоодын зохион байгуулагч болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, тогтмол уулзалт зохион байгуулж гүйцэтгэх ажлуудаа хуваарилж, тодруулж байлаа.

Мөн томоохон арга хэмжээний үед радио давтамжийн ашиглалтыг зохион байгуулах хяналт тавих талаарх Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу ажилласны  зэрэгцээ БНСУ-ын радио давтамж хяналтын мэргэжилтнүүдийг урьж уулзалт зохион байгуулагдах газар дээр нь сургалт зохион байгуулж тэдгээрийн туршлагатай танилцсан.

Үүний үр дүнд АСЕМ 11 дээд түвшний уулзалтын үед радио давтамжийн хяналтыг аль газар оронд хэрхэн яаж гүйцэтгэх болон тэдгээрт ямар ямар төхөөрөмжүүд ашиглагдах шаардлага байгааг тодорхойлсон болно.  Мөн тус хяналтад ашиглах  зөөврийн хяналт, чиглэл хайх төхөөрөмжийн нэг иж бүрдлийг 2016 оны эхний хагаст худалдан авч, тус уулзалтад ашигласан. 2016 оны 6 дугаар сарын 15-наас ASEM 11 ажиллагаатай холбогдуулан хийгдэх радио давтамжийн зохицуулалт, хяналтын үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган хорооны даргаар батлуулж ажилласан болно.

Дээрх төлөвлөгөөний дагуу радио давтамжийн хяналт хийх үндсэн газрууд болох Шангри Ла зочид буудал  “Хэвлэл мэдээллийн төв”, Чингисийн талбай, МТС компанийн цамхаг, Асем Вилла хотхон болон эдгээр авто замын дагуу, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал зэрэг газруудад уулзалтын өмнөх, урьдчилан сэргийлэх хэмжилт шалгалтуудыг 2-3 удаа давтан хийсэн.  

АСЕМ11 уулзалтын үеэр радио долгион хяналтын үйл ажиллагааг тасралтгүй байлгахын тулд хяналтын инженерүүдийг 3 ээлжээр зохион байгуулж хяналт удирдлагын төв, хөдөлгөөнт хяналтын станц, хотын төв болон Улаанхуаранд байрлах радио долгион хяналтын суурин станцуудаар 24 цагийн тогтмол хэмжилт хийж, бэлэн байдалд ажилласан.

Мөн уулзалтын хугацаанд тус албаны мэргэжилтнүүд Зохицуулах хорооны байранд тасралтгүй жижүүрлэн ажиллаж гаднаас ирсэн радио төхөөрөмжүүдийг бүртгэх, тэдгээрт радио давтамжийн түр зөвшөөрлийг олгох ажиллагааг шуурхай гүйцэтгэсэн.

Дээрх ажлын зохион байгуулалтын үр дүнд энэхүү томоохон арга хэмжээний үед радио давтамж ашиглалтын талаар ямар нэгэн зөрчил саад гаралгүй хэвийн явагдаж өнгөрсөн.

Хэмжилт хяналтад ашигласан төхөөрөмжүүд. Үүнд:

DDF007 - зөөврийн хяналтын болон байршил тодорхойлох төхөөрөмж, Mobile locator, бусад программ хангамжуудын хамт 

PR100 - хяналтын хүлээн авагч DF нэмэлтийн хамтаар мөн Mobile locator, бусад программ хангамжуудын хамт 

SHF8 – спектр анализатор дагалдах программ хангамжуудын хамт

Antitsu MS2724B дагалдах программ хангамжуудын хамт

CA 100 радио дохионы анализатор програм бүхий зөөврийн компьютерууд

Дүгнэлт

АСЕМ11 дээд түвшиний уулзалтын явцаас дүгнэхэд, хойшид зохион байгуулагдах томоохон арга хэмжээний үед дараах зүйлсийг анхаарах нь зүйтэй юм. Үүнд :

1.     Зохион байгуулалтын эхэн үеэс хэвлэл мэдээллийн төв зэрэг том төвлөрсөн байршилд үүрэн холбоо, утасгүй интернет суурилуулалтын сүлжээний зураглалыг нэгдсэн байдлаар гаргаж бэлтгэн түүнийхээ дагуу гүйцэтгэх. 

Ингэснээр суурилуулалтыг зөв зохион байгуулах ба харилцан нөлөөлөл үүсгэхгүй байх боломжтой болно.

2.     Сүлжээ суурилуулах ажлыг мэргэжлийн түвшинд гүйцэтгүүлэх тал дээр анхаарч ажиллах.

АСЕМ11 уулзалтын Шангри-Ла зочид буудлын В1 давхарт суурилуулсан утасгүй интернет  болон үүрэн  холбооны дотор антенныг нэг дор зэрэгцүүлэн байрлуулсаны улмаас  утасгүй интернетийн сүлжээнд нөлөөлөл үзүүлж байсан.

3.     Урьдчилсан хэмжилтийг үйлчилгээний гол байруудад хийхдээ харилцан нөлөөллийн талаас нь анхаарах.

Утасгүй интернетийн төхөөрөмжийн сүлжээний удирдлагын програм хангамж дээрх интерференцийн үзүүлэлт болон үүрэн холбооны сүлжээг анхааран судлах ажлыг гүйцэтгэх.

4.     Гол үйл ажиллагаа болох газарт радио долгион хяналтын төхөөрөмж суурилуулсан байх.

Радио долгион хяналтын төхөөрөмжийг тухайн байршилд урьдчилан суурилуулсан байх бөгөөд түүнийг зайнаас удирдах  боломжтой байлгах шаардлагатай юм.