Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт, хяналтын албаны дарга З.Амгалантай ярилцлаа.
-Харилцаа холбооны техник технологи асар хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Үүнд радио давтамж зохицуулалт ямар үүрэгтэй вэ?
-Дэлхийн харилцаа холбооны ирээдүйг тодорхойлогч нь яах аргагүй утасгүй холбоо болоод байна. Утасгүй холбоо нь радио давтамжийн хүрэлцээнээс шууд хамаардаг. Харин радио давтамж нь байгалийн хязгаарлагдмал нөөц. Энгийнээр тайлбарлая. Байшин барихад газаргүй бол тэр барилга босохгүй. Яг үүнтэй адил утасгүй холбооны шинэ технологи нэвтрүүлэхэд радио давтамжгүй бол ямар ч боломжгүй. Бас тухайн технологийн стандарт нь олон улсын хэмжээнд батлагдсан байх шаардлагатай. Ирээдүйн харилцаа холбооны систем нь өргөн зурвасын утасгүй холболтын технологид суурилна. Хэдий хэмжээний өндөр хурдтай байна төдий чинээ өргөн радио давтамжийн зурвас шаардлагатай болно.
Тиймээс улс орнууд асар хурдтай хөгжиж буй утасгүй холбооны технологид зориулж радио давтамжийн зурвасын нөөц үүсгэх, нөөцөө оновчтой, эдийн засгийн үр ашигтай хуваарилахад анхаарч байна.
-Тэгвэл радио долгион гэж юу вэ. Яагаад хязгаарлагдмал байдаг юм бэ?
-Радио долгион нь агаар дахь цахилгаан соронзон долгионы өчүүхэн хэсэг буюу зөвхөн нэг хувь нь юм. Радио долгионыг физик шинж чанараар нь гурван герцээс 300 гегагерц хүртэлх тодорхой тооны радио давтамжийн зурвасуудад хуваагддаг. Энэ зурвасуудыг телевиз, радио, богино долгионы зуух, гар утас, бүх төрлийн алсын удирдлага гэх мэт асар олон радио төхөөрөмжид үүнийг ашигладаг. Тиймээс хэрэглээ өндөр тул байнга хомсдож, дутагдаж байдаг. Радио давтамжийн нөөцийг бий болгохын тулд хуучин технологийг халж, шинэ технологи нэвтрүүлэх нь зүйтэй. Энэ нь хэрэглээг хязгаарласнаас илүү оновчтой шийдэл.
Дэлхий даяар тоон технологид шилжих аян өрнөж байна. Тоон технологи нь байгаль орчин, эрүүл мэнд, эдийн засагт чухал ач холбогдолтой. Тухайлбал, нэг аналог телевиз ажиллах радио давтамжийн зурваст 20 тоон телевиз ажиллах боломжтой.
-Монгол Улсын телевизийн өргөн нэвтрүүлэг аналогоос тоон технологид шилжээд багагүй хугацаа өнгөрлөө. Шилжилтийн үр дүн ямар байна вэ?
-Монгол Улсын Засгийн газраас 2010 онд Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр баталсан. Харилцаа холбооны зохицуулах хороо болон Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар хөтөлбөрийн хүрээнд ажилласан. Тухайлбал, тоон технологийн эрх зүй, бодлогын зохицуулалтын баримт бичгийг боловсруулж, үе шаттай хэрэгжүүлсэн. Ингэснээр орон даяар аналог телевизийн нэвтрүүлэгчийг унтрааж DVB-T2 стандартын тоон телевизийн системд амжилттай шилжүүлсэн.
Мөн Засгийн газрын санхүүжилтээр орон даяар тоон телевизийн дахин дамжуулагч 377 станц суурилуулсан. Манай хорооны хийсэн судалгаагаар энэ зургадугаар сарын 10-ны байдлаар орон нутагт нийт 138271 өрх тоон телевизийн технологид шилжээд байна. Гэхдээ энэ үзүүлэлтэд Улаанбаатар хот болон кабелийн телевиз, ДДиш-ийн хэрэглэгчид багтаагүй. Ингэхээр иргэдийн тоон технологид шилжих идэвх өндөр байна. Тэрчлэн тоон технологид шилжсэнээр телевизийн дүрс муудах, шуугих, жирэлзэх зэрэг асуудал бүрэн арилсан. Тиймээс хэрэглэгчдийн сэтгэл ханамж өндөр байгаа.
-Тоон телевиз хүлээн авахын тулд заавал хэрэглэгчийн төхөөрөмж худалдаж авах шаардлагатай юу?
-Зах зээлд хэрэглэгчийн буюу хувиргагч төхөөрөмж 50-60 мянган төгрөгийн үнэтэй байна. Зохицуулах хорооноос тус төхөөрөмжийн талаар мэдээлэл, зөвлөгөөг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж, сурталчилсны үр дүнд хэрэглэгчид тодорхой ойлголттой болсон гэж найдаж байна. Хэрэглэгчдэд хандаж хэлэхэд Харилцаа холбооны зохицуулах хороогоор баталгаажсан, тохирлын тэмдэгтэй хувиргагч төхөөрөмж худалдаж авахыг зөвлөж байна.
Бас одоо амралт, зугаалгын үе болж байна. Зуслангийн өрхүүд хувиргагч төхөөрөмжөөрөө телевизийн өргөн нэвтрүүлгийн 17 сувгийг үнэ төлбөргүй хүлээн авах боломжтой.
-Тэгвэл радио өргөн нэвтрүүлгийн тухайд өнөөг хүртэл аналог системээр ажиллаж байгаа. Хэзээ тоон технологид шилжих вэ?
-Дэлхийн хүн амын 85 хувь буюу хамгийн их хэсэг нь радио өргөн нэвтрүүлэг хүлээн авдаг. Үүний араас интернэт хэрэглэгч 40 хувь, үүрэн холбооны хэрэглэгч 55 хувьтай байдаг.
Энэ оны байдлаар радио өргөн нэвтрүүлгийн тоон технологид бүрэн шилжиж аналог системээ унтраасан улс орон алга байна. Европт 15, Азид найман улс тоон радиог туршилтаар нэвтрүүлсэн. Мөн автомашины 28 үйлдвэрлэгч 2015 оноос бүх загварын төмөр хүлэгтээ тоон радио өргөн нэвтрүүлгийн DAB+ стандартын радио хүлээн авагч суурилуулж байна. Тоон радиогийн нэвтрэлтийг удаашруулж буй гол хүчин зүйл нь төхөөрөмжийн үнэ. Дэлхийн зах зээлд тоон телевизийн хэрэглэгчийн төхөөрөмж 15-25 ам.доллар байгаа. Харин тоон радиогийн хэрэглэгчийн төхөөрөмж 80-125 ам.долларын хооронд байна.
Монгол Улсад тоон радио өргөн нэвтрүүлгийн эрх зүйн орчин бүрдсэн. Бодлого, зохицуулалтын баримт бичгийг баталсан. Тус баримт бичигт зааснаар манай улс тоон радио өргөн нэвтрүүлгийн DRM, DAB+ стандартыг сонгон хэрэгжүүлэхээр тусгасан.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос энэ оны гуравдугаар улирлаас DAB+ стандартын тоон радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгож эхэлнэ.
-Үүрэн холбооны технологийн талаар ярилцъя. Үүрэн холбооны оператор компаниуд 4G технологийг нэвтрүүлээд эхэллээ. Олон нийтийн дунд 4G болон LTE технологи хоорондоо ялгаатай гэсэн ойлголт байна. Энэ тухайд?
-Үүрэн холбооны 4G болон LTE технологийн хооронд ялгаа байхгүй. Нэг л ойлголт. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2012 онд дөрөв дэх үеийн хөдөлгөөнт холбооны стандартыг LTE болон хөдөлгөөнт WiMAX технологи хангаж байгааг албан ёсоор зарласан. Зохицуулах хороо нь 2015 оны арванхоёрдугаар сард дараа үеийн хөдөлгөөнт холбооны зохицуулалтын баримт бичгийг баталсан. Үүрэн холбооны дөрвөн оператор компанид 4G үйлчилгээнд ашиглах тусгай зөвшөөрөл олгосон. Оператор компаниуд ч 4G-ийн туршилт хийхэд дөрвүүлээ амжилттай болсон. Одоогоор “Юнител” болон “Мобиком” 4G-ийг нэвтрүүлээд байна. Харин үлдсэн хоёр оператор технологио сонгоогүй байгаа. Энэ ондоо багтаан нэвтрүүлэх ёстой.
-4G үйлчилгээний гол давуу тал нь юу вэ?
-Интернэтээс өгөгдөл татах болон ачаалах хурд нь өндөр. Зохицуулах хороо үүрэн холбооны үйлчилгээ эрхэлж буй компаниудын сүлжээний чанарыг улирал бүр шалгадаг.
Шалгалтаар оператор компаниудын 3G үйлчилгээний чанар дэлхийн стандартыг хангаж байгаа нь тогтоогдсон. Дунджаар 2 Мбит/с (мегабит секунд)-ын хурдны үзүүлэлттэй байгаа. Харин “Юнител” групп, “Мобиком“ корпорацийн 4G үйлчилгээний хурд 14 Мбит/с буюу 3G үйлчилгээнээс даруй долоо дахин илүү хурдтай байна. Энгийнээр хэлэхэд, нэг дуу интернэтээс татахад 2G таван минут, 3G нь 10 секундын хурдтай. Харин 4G нь нэг секунд байх жишээтэй.
-Зарим улсад 5G хэдийнэ нэвтрээд эхэллээ. Монгол Улсад хэзээ нэвтрэх вэ?
-Хөдөлгөөнт холбооны 5G технологи нь мэдээлэл, харилцаа холбооны салбарын дараагийн хувьсал юм. Товчоор хэлбэл, 1-4G технологи хүртэл хүмүүс хоорондоо холбогддог байсан. Харин 5G технологиор юмс хоорондоо утасгүй холбогдоно. Энэ үйлчилгээний хүрээнд ухаалаг гэр, ухаалаг дэлгүүр, ухаалаг албан газар, ухаалаг автомашины үйлчилгээ нэвтэрч, гар утаснаасаа бүх зүйлийг удирдаж, хянах боломжтой болно. Мөн гар утсаар асар өндөр нягтрал бүхий 4K UHD бичлэг хийж, дүрс татна. Бас виртуал орчныг бүрэн хэмжээстээр харж, алсаас мэдрэх, хэдэн мянган километрийн алсаас юмсыг удирдана. Жишээ нь, газар тариалангийн комбайн, үйлдвэрийн машинуудыг алсаас хянах удирдах боломжтой. 5G технологи эдийн засгийн бүх салбарт цоо шинэ хувьсгал, өөрчлөлт авчирна.
Дэлхийн даяар 5G-ийн шаардлага, стандартуудыг 2016-2019 он хүртэл боловсруулж, батална. Улмаар 2020 оноос нэвтэрч эхэлнэ. Дэлхийн тэргүүлэгч харилцаа холбооны технологи болон тоног төхөөрөмж үйлдвэрлэгч БНСУ-ын “Samsung”, Хятадын ZTE, “Huawei” зэрэг компани 5G сүлжээнд ашиглах техник технологиудын шийдлийг гарган, туршиж эхэлсэн.
-Утасгүй холбооны технологи цаашид тасралтгүй хөгжих юм байна. Харин гар утас, үүрэн холбооны антенн, станцууд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн ойлголт бий. Энэ тухайд?
-Энэ үргэлж маргаан дагуулсаар ирсэн. Цахилгаан соронзон цацаргалт нь өндөр давтамжтай, их чадалтай бол хүний биед сөргөөр нөлөөлнө. Жишээ нь, эмнэлгийн төхөөрөмжид ашигладаг рентген туяа, гамма туяа, мөн нарны хорт туяа нь арьсны хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас цахилгаан соронзон долгионы хүний биед нөлөөлөх хязгаарын түвшин нь 2Вт/кг-аас бага байхаар тогтоосон. Зарим орнууд үүнээс ч өндөр шаардлага тавьсан байдаг. Тухайлбал, АНУ, Канад 1.6Вт/кг бол Европ, Япон, БНСУ, БНХАУ 2Вт/кг гэж үндэсний стандартдаа тусгасан. Долгион цацаргалт нь энэ хэмжээнээс хэтэрвэл хүний биед хортой гэж үздэг. Үүрэн холбооны нэвтрүүлэгч антеннаас цацаж буй радио сигнал нь хүний эрүүл мэндэд нөлөөлөх хязгаарын түвшний 0.002-2% -тай тэнцдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Бидний 10 жилийн судалгаагаар үүрэн холбооны бааз станцаас орчинд цацаж буй радио сигнал нь хавдрын эрсдэлийг нэмэх эсвэл өвчин үүсгэх шинж тэмдэг илрээгүй” гэж онцлон тэмдэглэсэн байдаг.
Энэ нь мэдээж стандарт, шаардлага хангасан радио төхөөрөмжүүдийн хүрээнд хийсэн судалгааны үр дүн. Харамсалтай нь, зах зээлийн эрэлтийг ашиглаж хуурамч болон стандарт бус радио төхөөрөмжүүд үйлдвэрлэж, хэрэглэгчдийн эрүүл мэндэд эрдсэл учруулж байна.
-Танай байгууллагаас радио сигнал, цахилгаан соронзон оронд хэрхэн хяналт тавьдаг вэ?
-Манай хороо уг асуудлыг чухалчлан авч үздэг. Цахилгаан соронзон орны нөлөөллөөс олон нийтийг хамгаалах үндэсний стандартуудыг боловсруулж, батлуулсан. Мөн албан байгууллага, хэрэглэгчдийн хүсэлтээр орчны цахилгаан соронзон орны нөлөөллийн түвшинг хэмжиж тодорхойлж байгаа. Тэрчлэн утасгүй холбооны үйлчилгээ үзүүлэгчид стандарт, нөхцөлийг хангаж буй, эсэхэд тогтмол хяналт тавьж, ажилладаг.
Харин хил гаалиар нэвтэрч байгаа стандартын шаардлага хангаагүй, хууль бус радио төхөөрөмжүүдэд хяналт тавих, шалгах эрх зүйн чадамж одоогоор алга байна. Энэ талаар зохих шатны байгууллагуудад хандаж хууль, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт тавьсан байгаа.
-Засгийн газраас гэр хорооллыг хямд үнэтэй интернэтээр хангах үүрэг өгсөн. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
-Алслагдсан гэр хорооллыг хямд үнээр интернэтжүүлэх шийдэл нь зөвхөн утасгүй холбоо юм. Энэ дагуу интернэтийн үнийг буулгахаар ажиллаж байгаа. Үүний тулд гэр хороололын интернэтэд ашиглах радио давтамжийн зурвасын үнийг тодорхой тохиолдолд буулгаж, гэр хорооллын иргэдэд хямд үнэтэй интернэтийн үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна. Холбогдох журамд ч өөрчлөлт оруулсан байгаа.
Мөн гэр хороололд хямд үнэтэй интернэт хүргэх компаниудын сонгон шалгаруулалтыг долдугаар сарын 5-наас зарлаад байна. Шалгаруулалт наймдугаар сарын дунд гэхэд дуусна. Шалгарсан компаниудад ирэх намраас үйл ажиллагаа эрхлэх болон радио давтамжийн тусгай зөвшөөрөл олгоно. Улмаар ирэх жилийн намар гэхэд өндөр хурдтай хямд интернэт гэр хороололд хүрнэ.
Бас олон нийтийн дунд дугаартайгаа шилжих үйлчилгээ хүлээлт үүсгээд байгаа. Энэ үйлчилгээг цаашид хэрэгжүүлэх төвийг Харилцаа, холбооны зохицуулах хороо байгуулж байгаа. Төвийн системийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр нийлүүлэх, суурилуулах сонгон шалгаруулалт зарласан байгаа. Энэ онд багтаан шилжих төлөвлөгөөтэй байна.