Home / Articles / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
2016-05-19
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 5 дугаар хуралдааныг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулав.

Уг хуралдаанаар нийтдээ 10 гаруй асуудлыг авч хэлэлцэж, хорооны хуралдааны  7 тогтоолыг батлан шийдвэрлэв. Хорооны хуралдааны 3 тэмдэглэлээр удирдамж чиглэл, хугацаатай үүрэг даалгаврыг хорооны даргад өгсөн болно.

Зохицуулах хорооны 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит 2 дугаар хуралдааны 03 дугаар тэмдэглэлээр өгсөн чиглэл, үүрэг даалгаврын хүрээнд холбогдох яам, байгууллагаас санал, дүгнэлтийг албан тоотоор авч нэгтгэн Зах, зээл, үнэ тарифын албанаас дахин боловсруулсан Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын “Телевизийн дахин дамжуулах тоон станцын тариф” тогтоох тухай  таницуулга, тогтоолын төслийг хуралдаанд дахин шийдвэрлүүлэхээр танилцуулав. Тус хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дах хэсэг, “Өрсөлдөөний тухай” хуулийн 6.3 дэх хэсгийг тус тус үндэслэн радио, телевизийн газрын дахин дамжуулах сүлжээ байгуулах, түүнийг ашиглах үйлчилгээний зах зээлд зүй ёсны монополь байдалтай үйлчилгээ эрхлэгч Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-ын “Телевизийн дахин дамжуулах тоон станцын тарифын дээд хязгаар”-ыг  2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 21 тоот тогтоолын хавсралтаар баталсан болно. Радио телевизийн сүлжээ УТҮГ-аас нийтдээ 365 сум, суурин газрын 381 тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн дахин дамжуулах станцаар МҮОНТ, арилжааны телевизийн өргөн нэвтрүүлгийг дамжуулж, тоног төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа бөгөөд тус газраас радио өргөн нэвтрүүлэг болон тоон телевизийг дахин дамжуулах станцын цагийн тарифыг шинэчлэн тогтоож өгөх хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн. Иймээс Улаанбаатар хот болон орон нутагт  тоон телевизийн дахин дамжуулах станцын нэг цагийн түрээсийн тарифын дээд хязгаар, орон нутгийн телевизийн нэг сувгийн сарын түрээсийн тарифын дээд хязгаарыг тус тус 2012 оноос хойш шинэчлэн шийдвэрлэсэн.  Батлагдсан тарифын дээд хязгаарыг жил бүр хянуулж ажиллахыг "Радио телевизийн үндэсний сүлжээ"  УТҮГ-ын удирдлага нарт үүрэг болгов.

Өрсөлдөөний тухай хуулийн дагуу ДДэш ТВ ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийн үйлчилгээг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээний зах зээлд зүй ёсны монополь байдалтай  үйлчилгээ эрхлэгчээр Харилцаа холбооны зохицуулах хорооноос тодорхойлсон ба холбогдох хууль, журмын хүрээнд Зохицуулах хорооноос тус компаний эцсийн хэрэглэгчид санал болгох үндсэн бүтээгдэхүүн үйлчилгээний дээд үнийг тогтоох шаардлагатай болсон юм.  ДДэш ТВ ХХК нь сансарын хиймэл дагуулын DTH технологийг ашиглан DVB-S2 стандартаар үйлчилгээгээ Монгол орон даяар хүргэж байна. Тус компани нь 2008 онд анх үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2015 оны жилийн эцсийн байдлаар нийт бүртгэлтэй хэрэглэгчийн тоо 320 гаруй мянга-д хүрчээ. Зах зээл, үнэ тарифын албанаас “Тариф хянан батлах тухай” тус компаний үнэ тарифын асуудлыг боловсруулан хуралдаанд хэлэлцүүлэв. Хорооны хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 22 тоот тогтоолын хавсралтаар Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дах хэсэг, “Өрсөлдөөний тухай” хуулийн 6.3 дэх хэсгийг тус тус үндэслэн телевиз радиогийн олон сувгийн үйлчилгээг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээний зах зээлд зүй ёсны монополь байдалтай үйлчилгээ эрхлэгч болох ДДэш ХХК-ийн “Эцсийн хэрэглэгчид санал болгох үндсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний дээд үнийн тариф”-ыг хянан батлав.

Харилцаа холбооны зохицуулах хорооны Даргын 2016 оны А/47 тоот тушаалаар байгуулсан ажлын хэсгээс “Улаанбаатар хотод интернет протокол ашиглан телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх /АйПиТВ/” тусгай зөвшөөрлийг 2015 онд зохих журмын дагуу олгосон 2 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.3 заалт, байгуулсан тусгай зөвшөөрлийн гэрээний хэрэгжилтэд тус тус хяналт, шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Ажлын хэсгээс “АйПиТВ-ийн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа эхлээгүй МЦХ ХК, Бодь интернэшнл ХХК-д хийсэн шалгалтын ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийн тухай” асуудлыг хорооны хуралдаанд танилцуулав. Монгол Улсын Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.3, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 12.1, тус хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтууд, ажлын хэсгийн санал, дүгнэлтийг тус тус үндэслэн зохицуулах хорооны хуралдаанаас 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 23 тоот “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” тогтоолыг гаргалаа. Тус тогтоолоор Бодь интернэшнл ХХК, Монголын цахилгаан холбоо ХК-д 2015 онд олгосон  интернет протокол ашиглан телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх /АйПиТВ/ тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргалаа.

Тус хуралдаанаас Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, тус хорооны дүрмийн 3.2.2 дах хэсэг, МТШХХГ-ын Даргын 2009 оны 111 дугаар тушаалыг тус тус үндэслэн “Улаанбаатар хотод телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах /АйПиТв/ үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл олгох уралдаант шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэж, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 24 тоот тогтоолыг батлав. Шалгаруулалтыг зохион байгуулах, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Б.Балгансүрэн/-д даалгав.

“Шуудангийн харилцан холболтын журам”-ын төслийг нарийвчлан боловсруулах, сүлжээ хоорондын харилцан холболт, орлого хуваах зарчим, сүлжээний зааг цэг, шуудангийн үйлчилгээ зэрэг асуудлаар тооцоо судалгаа хийж, хорооны хуралдаанд дахин хэлэлцүүлэхийг 2016 оны ээлжит 4 дүгээр хуралдааны 8 дугаар тэмдгэлэээр хорооны даргад үүрэг болгосон. Тус хуралдаанд дээр өгсөн удирдамж, чиглэлийг тусган дахин боловсруулсан журмын төслийг авч хэлэлцээд, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах хэсэг, “Шуудангийн тухай” хуулийн 9.1.4 дэх хэсэг, тус хорооны Дүрмийн 3.2.4 дэх хэсгийг тус тус үндэслэн “Шуудангийн харилцан холболтын журам”-ыг хорооны 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 25 тоот тогтоолын хавсралтаар шинэчлэн баталсан болно. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2014 оны 21 тоот тогтоолоор баталсан хуучин мөрдөж байсан журмыг хүчингүй болголоо. Журмаар Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтийн шуудангийн сүлжээг, дэд бүтцийг хамтран ашиглах, солилцоог нэмэгдүүлэх боломжоор хангах, шуудангийн сүлжээнд холбогдох, харилцан холболт болон зааглах цэг, гэрээ байгуулах ерөнхий нөхцөл, төлбөр тооцоо, хариуцлагын зэрэг харилцааг зохицуулна.

Зохицуулах хорооны хуралдаанаар “Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн  хугацааг батлах тухай” асуудлыг ажлын албадаас хамтран боловсруулж хэлэлцүүлэв. Хорооны 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 27 тоот тогтоолын хавсралтаар харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох, сунгах хугацааг баталсан болно. Тусгай зөвшөөрлийн үндсэн 3 ангиллаар тусгай зөвшөөрөл болон бүртгэлийн гэрчилгээ олгох, сунгах хугацааг нарийвчлан тодорхой болгосноор холбогдох хууль, тогтоомжид ерөнхий заасан хугацааг тодорхой болгож, тусгай зөвшөөрлийн үйлчилгээг боловсронгуй болгох, үзүүлэх боломжийг бүрдүүлж байна. Тухайлбал, Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 6 дугаар зүйл, 10.1, “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.2, 12.2, “Радио долгионы тухай” хуулийн 12 дугаар зүйл, тус хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалт, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 7,8 дугаар зүйл зэрэг болно.

Тус зохицуулах хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, сэргээх  тухай” 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 27 тоот тогтоолын хавсралтаар:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  10.1, Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дах заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 5 иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2 дах заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Хоёрдугаар хавсралтаар 3 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2,2 дах заалтыг тус тус үндэслэн тогтоолын Гуравдугаар хавсралтаар 2 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээхээр тус тус шийдвэрлэв.

Хорооны 2016 оны 03 дугаар хуралдааны тэмдэглэлээр өгсөн, үүрэг даалгаврын дагуу байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулсан “Тоон контентийн зах зээлийн судалгааны талаарх танилцуулга”-ыг хуралдаанаар хэлэлцээд, ажлын хэсгийн судалгааны үр дүнг тоон контентийн нөхцөл шаардлагын шинэчлэх арга хэмжээтэй уялдуулан ажиллахыг хорооны дарга-д үүрэг болгов.

Хорооны 2015 оны 30 дугаар хуралдааны Тэмдэглэлээр “Улаанбаатар хотод харилцааны тоон радио сүлжээний радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-ыг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хугацаатай, нээлттэй зарлан хүлээн авч тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэх; Хорооны 2015 оны 31 дүгээр хуралдааны Тэмдэглэлээр “Улаанбаатар хотод тоон радиогийн нэвтрүүлгийн (DAB+) олон сувгийг дамжуулан хүргэх үйлчилгээ эрхлэх” төслийн хүсэлтийг тус хорооноос холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хугацаатай, нээлттэй зарлан хүлээн авч тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэх чиглэлийг тус тус өгсөн юм. Эдгээр 2 сонгон шалгаруулалтын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Үнэлгээний хорооноос тус хуралдаанд танилцуулга хийж, хорооны хуралдааны Тэмдэглэлээр дээрх 2 үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлэх талаар удирдамж, чиглэлийг хорооны дарга-д өглөө. 

Тус хуралдаанаар “Дугаартайгаа шилжих үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” холбогдох танилцуулга, тогтоолын төслийг тус тус авч хэлэлцэв. 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Засгийн газрын шийдлийн цагаар Ерөнхий Сайдаас ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэнд зохицуулах хорооны дэргэд Дугаартайгаа шилжих үйлчилгээний нэгж байгуулах замаар шийдвэрлэх хувилбарыг нарийвчлан судалж, хэрэгжүүлэхийг үүрэг болгосон юм.  Энэхүү үүрэг, чиглэлийн дагуу Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлсэн 2014 оноос хойш ХХЗХ-ноос болон Даргын тушаалаар байгуулсан ажлын хэсгүүдийн ажлын үр дүнг нэгтгэн дүгнэж, хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зохицуулах хорооноос зохион байгуулах, ажиллуулах боломжийн талаар санал, хувилбарын тооцоо судалгаа зэргийг багтаасан танилцуулга, тогтоолын төслийг ажлын албадаас хамтран боловсруулсан болно. Зохицуулах хорооны хуралдаанаар “Дугаартайгаа шилжих үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” хорооны 2016 оны хуралдааны 09 дугаар Тэмдэглэлийг гаргаж, тодорхой хугацаатай үүрэг даалгавар, чиглэлийг хорооны даргад өглөө.  Хуралдааны тэмдэглэлд, хуралдааны үеэр дарга, хорооны гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийн дагуу тусгай ажлын хэсэг байгуулан Дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийг тус хорооны дэргэд байгуулах, үйл ажиллагааг эрхлэх, хэрэгжүүлэхэд одоо мөрдөж байгаа зарим дүрэм журмыг нийцүүлэн шинэчлэх, “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-д холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа тул Хорооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, төвийг байгуулах шаардлагатай төсөв, эдийн засгийн тооцоо, судалгааны талаар танилцуулга, саналаа боловсруулан 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор ЗГХЭГ-т хүргүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж тогтов.  

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).