Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэдэх Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар нягтлан бодох бүртгэл, эрүүл мэнд, барилга, авто тээвэр, газар тариалан, мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр шинээр боловсруулсан болон шинэчилсэн 30 гаруй үндэсний стандартын төслийг хэлэлцэн шийдвэрлэжээ.
- Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны захиалга болон санхүүжилтээр шинээр боловсруулсан “Орон сууцны барилгын мэдээлэл, холбооны суурин сүлжээний төлөвлөлт. Ерөнхий шаардлага”, “Орон сууцны барилгын мэдээлэл, холбооны суурин сүлжээний суурилуулалтын ерөнхий шаардлага” стандартуудын төслийг сонгон шалгарсан мэргэжилтнүүдийн баг боловсруулсан бөгөөд тус зөвлөлийн хуралдаанаар авч хэлэлцээд, Монгол Улсын “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийн 6.3, 6.5, 9.4, 20.2.1 дэх заалт, Мэдээлэл, харилцаа холбооны стандартчиллын техникийн хорооны дүгнэлтийг тус тус үндэслэн мэдээллийн технологи, харилцаа холбооны үндэсний стандартаар баталлаа. Эдгээр стандартыг боловсруулахдаа Олон Улсын Стандартын Байгууллага/Олон улсын Электро-техникийн Хороонooс гаргасан “Барилгын доторх кабелийн байгууламжийн суурилуулалт, ашиглалтанд тавигдах ерөнхий шаардлагууд”, ”Бүлэг-2. Төлөвлөлт ба суурилуулалт. Мэдээллийн технологийн ISO/IEC 14763-2” стандарт, АНУ-ын Үндэсний Стандартын Газар, Цахилгаан Холбооны Үйлдвэрийн Нийгэмлэг/Электроник Үйлдвэрийн Холбооноос эмхлэн гаргадаг ANSI TIA/EIA-568 С багц стандарт, “Барилгын дотор холбоо, дохиоллын сувагчлал ба кабелийн угсралт MNS5471:2005” зэрэг стандартыг үндэслэн боловсруулсан байна.
- Түүнчлэн дахин хянасан “Барилгын зураг. Барилга, байгууламжийн мэдээлэл, холбоо, дохиололын ажлын зураг төсөл боловсруулах. Ерөнхий шаардлага MNS3757-14:2016”, “Барилгын зураг. Мэдээлэл, холбоо, дохиоллын тоног төхөөрөмжийн тэмдэглэгээ, MNS5532:2016” стандартын төслүүдийг хэлэлцээд мэдээллийн технологи, харилцаа холбооны үндэсний стандартаар шинэчлэн баталлаа.
Нэг. Шинээр баталсан 2 үндэсний стандарт
Орон сууцны барилгын мэдээлэл, холбооны суурин сүлжээний төлөвлөлт. Ерөнхий шаардлага
Сүүлийн жилүүдэд орон сууцны барилгад мэдээлэл, холбооны технологийн техникийн дэвшил болсон шилэн кабель, интернэт, кабелийн телевиз болон мэдээлэл, холбооны гурвалсан үйлчилгээний сүлжээ суурилуулах албан ёсны стандарт байхгүйгээс холбооны зураг төсөл боловсруулах, төлөвлөх, магадлалын дүгнэлт хийхэд хүндрэл бэрхшээл их гарч байсан юм. Түүнчлэн одоо мөрдөж байгаа “Барилгын дотор холбоо, дохиоллын сувагчлал ба кабелийн угсралт” MNS 5471:2005 стандарт өнөөгийн нөхцөл шаардлагыг бүрэн хангахгүй болсон. Иймээс ХХЗХ-ноос “Орон сууцны барилгын мэдээлэл, холбооны суурин сүлжээний төлөвлөлт. Ерөнхий шаадлага”-ын стандартыг боловсруулахаар шийдвэрлэж, мэргэжилтнүүдийн баг шалгаруулан боловсуулсан болно. Энэхүү стандартаар Монгол Улсын нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа орон сууцны барилгын мэдээлэл холбооны суурин сүлжээг (цаашид МХСС гэх) төлөвлөх арга зүйг тодорхойлсон. Монгол Улсын хэмжээнд орон сууцны барилгын МХСС-ний төлөвлөлт, зураг төсөл боловсруулах шаардлага, нөхцөлийг тогтоож, шинээр барих олон давхар орон сууцны барилга ба амины орон сууцны МХСС-г төлөвлөхөд мөрдөнө. Орон сууцны барилгад МХСС-нээс гадна гал, хамгаалалтын дохиолол, дүрс бичлэгийн хяналт зэрэг сул гүйдлийн сүлжээ байгуулагдаж байгаа тул тэдгээрийн хамгаалалтын хоолойн төлөвлөлт, суурилуулалтын ажлыг нэгтгэн хийх боломжийг бүрдүүлэхээр зорьсон юм. Улсын хэмжээнд орон сууцны барилгын МХСС-ний төлөвлөлт, зураг төсөл боловсруулах шаардлага нөхцлийг тогтоож, шинээр барих олон давхар орон сууцны барилга ба амины орон сууцны МХСС-г төлөвлөхөд уг стандартыг мөрдөнө. Энэ стандартад МХСС-ний төлөвлөлтийн зураг төсөл, төлөвлөвлөлт нь үндсэн 2 хэсгээс бүрдэхээр заасан болно. Үүнд:
- 1-рт: Орон сууцны барилгуудын хийц бүтээц, архитектурын зураг төсөлд МХСС ба гал хамгааалтын дохиолол, дүрс хяналтын системийн техник хэрэгслийг байрлуулах техникийн өрөө, гадна кабелийн оролт, кабель шугамын босоо сүлжээний сувагчлал, давхарын ба айлын хуваарлах самбарыг байрлуулах орон зай төлөвлөх
- 2-рт: Орон сууцны барилгын МХСС-ниы төлөвлөлт гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдэнэ гэж заасан болно.
Уг стандартад орон сууцны барилгын хийц бүтээц, архитектур төлөвлөлтийн зураг төслөөр хийх ажлын хүрээнд орон сууцны барилгын зураг төслийн төлөвлөгч зургийн даалгаврыг үндэслэн МХСС-ний зураг төслийн төлөвлөгчтэй харилцан тохиролцон дараах төлөвлөлтийг гүйцэтгэхээр заасан болно. Тухайлбал, Орон сууцны барилгын дотор ашиглах МХСС-ний техник, хэрэгсэл байрлуулах техникийн өрөө, МХСС-ний гадна сүлжээний кабель шугамын оролт, Барилгын доторх кабелийн сүлжээний босоо чиглэлийн сувагчлалын орон зай, МХСС-ний давхрын хуваарилах хайрцаг суурилуулах орон зай, Айлын сууцны МХСС-ний хуваарилах хайрцаг байрлуулах орон зай зэрэг болно.
“Орон сууцны барилгын мэдээлэл, холбооны суурин сүлжээний суурилуулалтын ерөнхий шаардлага”
Шинэ дэвшилтэт технологиор баригдаж байгаа орон сууцны барилгуудад мэдээлэл, харилцаа холбооны орчин үеийн сүлжээг суурилуулахад дараахь бэрхшээл учирч байсан. Үүнд:
- Орон сууцны барилгад мэдээлэл холбооны технологийн техникийн дэвшил болсон шилэн кабель, интернэт, кабелийн телевиз болон гурвалсан үйлчилгээний сүлжээ суурилуулах стандарт байхгүйгээс суурилуулалтын ажлыг төрөл бүрийн хувилбараар хийж байгаа нь технологийн шаардлагыг хангаагүйн улмаас, ашиглалтын явцад хэрэглэгчдийг хохирооох, холбооны зураг төсөл боловсруулах, магадлалын дүгнэлт хийхэд бэрхшээл гардаг.
- Бодит байдал дээр орон сууцны барилгын мэдээлэл холбооны сүлжээний зураг төслийг уламжлалт хуучин стандартын дагуу хийж суурилуулалтыг шинэлэг технологиор гүйцэтгэж байгаагаас зураг төсөл, угсралтын ажлын уялдаа холбоо алдагдаж барилга объект хүлээн авахад бэрхшээл учирч байна.
- МХСС-ний угсралтын ажлыг мэргэжлийн дадлага туршлагагүй хүмүүс гүйцэтгэснээс сүлжээний тогтвортой ажиллагаа хангагдахгүй, захиалагчийг хохироож нэмэгдэл зардал, чирэгдэл гаргах зөрчил гардаг.
- Зарим хувийн компанииуд өөрийн сүлжээг орон сууцны барилгад хүчээр тулган суурилуулж хэрэглэгчдэд холбооны техникийн дэвшлээс үл хамааран мэдээлэл холбооны үйлчилгээг сонгон авах боломжийг хааж хэрэглэгчдийг хохироох зэрэг бодит шалтгааны улмаас орон сууцны барилгын мэдээлэл холбооны суурин сүлжээний зураг төсөл боловсруулах, суурилуулалт хийх стандарт гаргаж мөрдөх зайлшгүй шаардлага гарч байгаа болно.
Дээрх хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор “Орон сууцны барилгын мэдээлэл, холбооны суурин сүлжээний төлөвлөлт. Ерөнхий шаадлага” стандартыг шинээр боловсруулан батлуулсан бөгөөд МХСС-г барилгын зураг төсөв, төлөвлөлт, боловсруулахад хэрэглэнэ. Тэгвэл уг стандартын дагуу хийгдсэн барилгын төлөвлөлтөд тусгагдсан мэдээлэл, холбооны суурин сүлжээний зураглал, төлөвлөлт, төсвийн дагуу угсралт суурилуулалтыг гүйцэтгэх “Орон сууцны барилгын мэдээлэл, холбооны суурин сүлжээний суурилуулалтын ерөнхий шаардлага” стандартыг мөн боловсруулан батлуулав. Энэхүү стандартаар шинээр баригдаж байгаа орон сууцанд мэдээлэл холбооны суурин сүлжээний кабель шугамын байгууламж суурилуулах ажлын ерөнхий шаардлагыг тогтоосон. Тухайлбал, Орон сууцны барилгын МХСС-ний суурилуулалтын ерөнхий шаардлага, Орон сууцны барилгын доторх кабель шугамын хамгаалалтын босоо сувагчлалын суурилуулалт, Барилгын давхрын хуваарилах самбарын суурилуулалт, Айлын орон сууцны хуваарилах хайрцаг, хөндлөн сувагчлалын суурилуулалт, Айлын орон сууцны хуваарилах хайрцагнаас МХСС-ний төгсгөлийн төхөөрөмж холбох үүр хүртэлх хамгаалалтын сувагчлалын суурилуулалт, МХСС-ний суурилуулалтын ажлын гүйцэтгэлийг шалган хүлээн авах зэрэг бүлгээс бүрдэж байна. МХСС-ний суурилуулалтын стандартад суурин телефон холбоо, интернэтийн сүлжээ, кабелийн телевиз болон МХТ-ийн гурвалсан үйлчилгээний сүлжээг суурилуулах зарчмуудыг тусгаж өгснөөр онцлог болж байгаа болно. Уг стандартыг баталснаар орон сууцны барилгуудад МХСС-ний суурилуулалт хийх ажлыг орчин үеийн технологи дагуу гүйцэтгэх, шалгах, хүлээн авахад чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хоёр. Шинэчлэн баталсан 2 үндэсний стандарт
“Барилгын зураг. Барилга, байгууламжийн мэдээлэл, холбоо, дохиололын ажлын зураг төсөл боловсруулах. Ерөнхий шаардлага. MNS3757-14:2016”
Монгол Улсын хэмжээнд шинээр баригдаж буй барилга байгууламж, объектын дотор холбоо-дохиоллын ажлын зураг төсөл боловсруулдаг байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн, ажлын зураг төслийн дагуу угсралтын ажлыг гүйцэтгэхэд мөрдөнө. Түүнчлэн байнгын ашиглалтад хүлээж авах барилгын захиалагч, гүйцэтгэгч нар хэрэглэх бөгөөд бүх салбарын барилга байгууламжийн дотор холбоо-дохиоллын ажлын зураг төслийн баримт бичгийн бүрэлдэхүүн ба тэдгээрийг боловсруулах шаардлага, дүрмийг шинэчлэн тогтоож өгсөн болно.
“Барилгын зураг. Мэдээлэл, холбоо, дохиоллын тоног төхөөрөмжийн тэмдэглэгээ, MNS5532:2016”
Энэ стандартыг шинэчилснээр барилга, байгууламжийн зураг төсөлд холбоо, мэдээллийн кабель шугам, тэдгээрийн тоног төхөөрөмжүүдийн тэмдэг, тэмдэглэгээг мэдээлэл холбоо, дохиоллын угсралтын ажил гүйцэтгэдэг иргэн, аж ахуй нэгж байгууллагууд холбоо- дохиоллын ажил гүйцэтгэх, зураг төсөлд тэмдэглэх, уншихад орчин үеийн тэмдэглэгээг оруулж өгсөн юм.
Стандартын төслийг боловсруулсан багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Зөвлөх инженер Д.Доржсүрэн (Арбэл-Алтай ХХК), Холбооны инженер С.Энхжин (Арбэл-Алтай ХХК), Барилгын зураг төслийн холбоо ТББ-ын мэргэжилтнүүд ажиллажээ.
СХЗГ-ын тогтоолоор дээрх стандартуудыг шинэчлэн баталсантай холбогдуулан “Холбоо, мэдээлэл, дохиоллын кабель шугам ба тоног төхөөрөмжийн тэмдэглэгээ” MNS 5532:2005” стандартыг хүчингүй болгов.
Шинээр батлагдсан болон шинэчлэн баталсан үндэсний стандартыг боловсруулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан СХЗГ-ын Мэдээлэл, харилцаа холбооны стандартчиллын Техникийн хорооны нарийн бичгийн дарга Б.Ундраа, Барилгын стандартчиллын Техникийн хороо (ТХ-22)-ны дарга Г.Мягмар, нарийн бичгийн дарга Т.Энхтуул нарт тус тус талархлаа илэрхийлье.