Home / Articles / Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагын холбогдох заалтын...
Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагын холбогдох заалтын талаарх тайлбар
2016-01-18
Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагын холбогдох заалтын талаарх тайлбар Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагын холбогдох заалтын талаарх тайлбар

Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2015 оны 03 дугаар сарын 23-ны 15 тоот тогтоолоор Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагыг баталсан. Уг нөхцөл шаардлага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан бөгөөд телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, зах зээлийн өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлэх, нийтийн ашиг сонирхолд нийцсэн, чанартай үйлчилгээгээр олон нийтийг хүртээмжтэй хангахад чиглэсэн харилцааг зохицуулахад чиглэгдсэн.

Энэхүү баримт бичигт өргөн нэвтрүүлгийн үйлчилгээтэй холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой заалтуудыг тусгаж өгсөн. Үүний нэг нь олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид буюу кабелийн телевиз, АйПи телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн дотоодын телевиз, сувгийг өөрийн сувгийн дараалалд байршуулахдаа сувгийн дарааллыг үнэлж байгаа талаарх телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчид болон хэрэглэгчдийн санал, хүсэлтийг шийдвэрлэх хэрэгцээ, шаардлага байсан болно.

Тус хорооны хувьд эдгээр санал, хүсэлтийг харгалзан уг асуудлыг шийдвэрлэх боломжийг судалж үзээд олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид буюу кабелийн телевиз, АйПи телевиз нь хөрөнгө оруулалт, ашиглалт үйлчилгээний хувьд өндөр зардалтай, техник технологийн шинэчлэлт хийхэд цаг хугацаа их шаардагддаг зэргийг харгалзан одоо үйл ажиллагаа явуулж байгаа олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид дээр технологийн шинэчлэлт хийх замаар, харин шинээр үйлчилгээ эрхлэгчдийн хувьд техникийн шийдэл, төлөвлөлтөд тусган шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Иймд тус хорооноос 2015 оны 15 тоот тогтоолоор баталсан Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагын 11-р зүйлийн 11.18 дэх заалтад “олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгч өөрийн сонирхлын дагуу сувгийн дарааллыг үүсгэх техникийн боломжийг бүрдүүлсэн байх” тухай заалтыг оруулсан.

Аливаа телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сувгийн дарааллыг тус хорооноос тогтоох эрх зүйн боломжгүй бөгөөд энэхүү асуудал нь одоогоор Олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид болон өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулагдаж буй гэрээ хэлэлцээрээр зохицуулагдаж байна. Нөгөө талаас хэрэглэгч нь олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдээс (КаТВ, АйПи) сувгийн дарааллыг өөрөө үүсгэх боломжийг бий болгохоор хүсэлт гаргах, шаардах боломжтой юм.