Home / Articles / Радио долгион хяналтын төвийн 2015 оны хяналт,...
Радио долгион хяналтын төвийн 2015 оны хяналт, шалгалт
2015-10-20
Радио долгион хяналтын төвийн 2015 оны хяналт, шалгалт Радио долгион хяналтын төвийн 2015 оны хяналт, шалгалт

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгионы хяналтын төв нь 2015 оны эхний гурван улирлын байдлаар Улаанбаатар хот болон Увс, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Дорноговь аймгуудад хэмжилт, шалгалтын ажлыг гүйцэтгээд байна. Мөн энэ хугацаанд радио давтамж ашиглан харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч байгууллагуудаас ирүүлсэн нийт 37 санал, гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн байна.

            2015 оны эхний гурван улирлын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хэмжилт шалгалтын ажлыг тоон үзүүлэлтээр авч үзвэл:

 
  1. Утасгүй холболтын WiFi

Монгол Улсад интернэтийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад “Харилцаа холбооны тухай хууль”, “Өрсөлдөөний тухай хууль” болон холбогдох стандартууд, “Интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ын хэрэгжилтэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт WiFi, WiMax технологи ашиглан утасгүй интернэтийн жижиглэнгийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулан үзлэг шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, заавар зөвлөгөө өгч ажилласан.

  1. Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэг

2015 оны 06-р сарын 03-26-ны өдрийн хооронд Дархан, Эрдэнэт, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад, 2015 оны 06 дугаар сарын 03-19-ний хооронд Дундговь аймгийн Сайнцагаан, Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогт-Цэций, Дорноговь аймгийн Сайншанд, Говь-Сүмбэр аймгийн Чойр, Хэнтий аймгийн Чингис хот, Дорнод аймгийн Хэрлэн, Матад, Сүхбаатар аймгийн Баруун Урт сумдад телевиз болон радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хэмжилт шалгалтыг  хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллав.

Шалгалтад телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч 20, радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч 11 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан байна. Шалгалтаар телевизийн өргөн нэвтрүүлгийн хувьд тусгай зөвшөөрөлтэй телевиз 18, үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа 16, үйл ажиллагаа явуулаагүй 2 (Хэнтий аймгийн "Green TV" сүүлийн 2 жил үйл ажиллагаа явуулаагүй, Сүхбаатар аймгийн “Талын Долгион ТВ” Эрдэнэ-Цагаан суманд шилжиж, үйл ажиллагаа явуулж байгаа), тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 2 телевизийг (ДундговьТВ, Өндөрхаан ТВ) тогтоон ажилласан байна.

Радио өргөн нэвтрүүлгийн хувьд FМ радиогийн 11 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан байна. Үүнээс үйл ажиллагаа явуулаагүй 4, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 3 (Дундговь-107.5, Говь-Сүмбэр-102,5, Хэнтий-107,5), орон даяар ФМ радиогийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 4 (РТҮС УТҮГ-105.5, Ауразон-89.9,  Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ-98.5, 102, Шинэ Монгол Долгион-102.5) тус тус хамрагдсан байна. Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй дээрх 4 үйлчилгээ эрхлэгчид нь зарим сумдад үйл ажиллагаа явуулаагүй байсан.

  1. Телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтэд хяналт шалгалт, байнгын мониторинг хийж, үнэлгээ өгөх, холбогдох арга хэмжээг авч ажиллах ажлын хүрээнд:

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлт, 2014 онд хийсэн үзлэг, шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын дагуу авсан арга хэмжээ, гүйцэтгэлийн байдалд 2015 оны 2-р сарын 13-27-ны өдрүүдэд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нийт 52 кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдээс 2014 оны шалгалтаар сануулах арга хэмжээ авсан, тодорхой шалтгааны улмаас шалгалтад дүгнэгдээгүй 26 кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийг хамруулсан. Шалгалтын үр дүнд холбогдох арга хэмжээг авч ажилласан.

2015 оны 06-р сарын 03-26-ны өдрийн хооронд Дархан, Эрдэнэт, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд болон Улаанбаатар хотын Багануур, Налайх дүүрэгт телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хэмжилт, шалгалтыг гүйцэтгэсэн. Хэмжилт шалгалтаар олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгч (MMDS) нийт 8 газар хамрагдсанаас үйл ажиллагаа явуулж байгаа 6, үйл ажиллагаа явуулаагүй 2 (Замын-Үүдийн Лха Хөх Тэнгэр ХХК, Хэнтий аймгийн Чингис хотын Санбүрд ХХК) аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаж, ашиглаж байгаа радио давтамжийн зурвасыг тодорхойлон ажиллав.                                                                       

2015.09.04-18-ны өдрүүдэд ДДэш ТВ ХХК болон РТҮС УТҮГ-тай хамтран Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймгийн нутаг дэвсгэрийн хойд хэсэгт хиймэл дагуулын дохионы чанарын хэмжилт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

  1. Үүрэн холбоо

Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн радио давтамжийн зурваст аналог болон тоон телевизийн нэвтрүүлэгчээс үүссэн харилцан нөлөөллийг арилгах ажлын хүрээнд Хэнтий аймгийн Чингис хот, Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Орхонтуул, Завхан аймгийн Улиастай, Яруу, Хөвсгөл аймгийн Жаргалант, Увс аймгийн Түргэн, Сагил, Улаангом, Дорноговь аймгийн Замын-Үүд сумдад ажиллан, харилцан нөлөөллийг хэмжилтээр илрүүлэн тодорхойлж, арилгах арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.

Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч Скайтел ХХК-ийн 3G сүлжээний радио давтамжийн зурваст үүссэн харилцан нөлөөллийг илрүүлэх, тогтоох ажлыг Улаанбаатар хотын Сонгино Хайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдэд хийж гүйцэтгэсэн. Энэхүү хэмжилт шалгалтын дүнд харилцан нөлөөлөл үүсгэж буй DECT 6.0 технологитой телефон аппаратыг нийт 49 байршилд илрүүлэн тогтоож, уг төхөөрөмжийг ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох арга хэмжээг авч, Монгол улсад ашиглах тоног төхөөрөмжийн стандарт талаар болон хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Мөн энэ ажлын хүрээнд Глобал телеком ХХК, Нэкст Электроникс ХХК, БСБ Мега Стор ХХК болон Вертекс Мон ХХК-д худалдаж байгаа утасгүй суурин телефон аппаратын радио давтамжийн зурвасыг тодорхойлох хэмжилтийг тус тус хийж гүйцэтгэсэн. Хэмжилтээр дээрх төхөөрөмжүүд нь Монгол улсын үндэсний радио давтамж хуваарилалттай нийцэж байгааг тогтоосон болно.

Мөн үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн 2G болон 3G үйлчилгээний чанарын хэмжилт, шалгалтыг ажлыг Улаанбаатар хот болон Хэнтий аймгийн Чингис хот, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дархан-Уул аймагт, мөн орон нутгийн төв зам дагуу тус тус хэмжилт шалгалтыг хийж гүйцэтгэв.

Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн радио давтамжийн зурваст Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүхэд, ШШГЕГ-ын харьяа Мааньтын хорих ангид, мөн Улаанбаатар хотын Төрийн ордонд, Монголын залуучуудын холбоонд, Зоос банкны төв оффист, Гаалийн ерөнхий газруудад тус тус зөвшөөрөлгүй ашиглаж байсан сүлжээ дарагч төхөөрөмжийг илрүүлэн тогтоож, төхөөрөмж тус бүрд тохиргоог хийн  холбогдох арга хэмжээ авч ажилласан.

  1. Бусад

Хойд хилийн бүс орчимд хил орчмын радио давтамжийн зурвасын зохицуулалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд Замын-Үүд сумын БНХАУ-тай хиллэж байгаа хэсэгт радио давтамжийн 9 кГц - 6 ГГц-ийн зурваст хэмжилт хийж гүйцэтгэсэн.

Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын журмуудын хүрээнд Радио долгионы хяналтын төвд 29 тоног төхөөрөмжийг үнэлгээ болон сорилт туршилтыг хийж гүйцэтгэсэн байна.

Радио долгион хяналтыг сайжруулах төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд БНСУ-ын Кюбиком компанийн Үүрэн холбооны үйлчилгээний яриа, өгөгдөл дамжуулах чанарын хэмжилтийн Pharos системийн хэмжилтийн тоног төхөөрөмж болон БНСУ-ын A&D engineering компанийн зөөврийн чиглэл хайгч, хяналтын TMDFS станцыг тус тус шинээр авч, хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглаж байна.

2015 оны 10 сарын 19 –ний байдлаар

Радио долгионы харилцан нөлөөллийн талаар ирүүлсэн

хүсэлт, гомдол шийдвэрлэлтийн байдал

2015 оны эхний 10 сарын байдлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид, байгууллага, иргэдээс радио давтамжийн харилцан нөлөөллийн талаар нийт 77 санал хүсэлт ирснээс:

Дүгнэлт гаргуулах тухай -1

Харилцан нөлөөллийн тухай -55

Хүсэлт гаргах тухай -17

Гомдлын тухай -4 тус тус ирсэн байна. 

Эдгээрийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.

Үйл ажиллагааны чиглэлээр авч үзвэл:

  • Үүрэн холбооны сүлжээний харилцан нөлөөлөл – 32

Үүнээс: Мобиком Корпораци ХХК – 6

               Скайтел ХХК – 4

               Жи-Мобайл ХХК – 12

               Юнител ХХК – 10

  • Өндөр хурдны утасгүй интернетийн сүлжээний нөлөөлөл – 1 (Улуснэт)
  • Сансарын холбоо  – 1 (Ддэш ТВ ХХК)
  • Иргэний нисэхийн ерөнхий газар – 5
  • Радио болон телевизийн өргөн нэвтрүүлэг
    • Телевиз, радиогийн харилцан нөлөөлөл – 0
    • Телевиз, радиогийн хамрах хүрээний хэмжилт – 0
    • АйПиТВ (IPTV) – 1 (Скаймедиа Корпораци ХХК)
    • Телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний харилцан нөлөөлөл /ММДС/ – 1  (Талст Эрчим ХХК)
  • Харилцааны радио станцын харилцан нөлөөлөл – 23
  • Бусад – 13 болно.