Home / Articles / З.Амгалан: Үүрэн холбооны бааз станцууд хүний биед...
З.Амгалан: Үүрэн холбооны бааз станцууд хүний биед сөрөг нөлөөгүй
2015-09-14
З.Амгалан: Үүрэн холбооны бааз станцууд хүний биед сөрөг нөлөөгүй З.Амгалан: Үүрэн холбооны бааз станцууд хүний биед сөрөг нөлөөгүй
 
Өнөөдөр дэлхий нийтэд харилцаа холбооны ирээдүйн чиг хандлага, хөгжлийг тодорхойлогч нь утасгүй холбоо болоод байна. Хэдийгээр утасгүй холбоо нь үйлчилгээ эрхлэгчид дэд бүтэц байгуулах зардлыг хэмнэх, сүлжээг хялбар өргөтгөх, хэрэглэгчид байршлаас үл хамааран яриа, дүрс, интернетийг өндөр чанартай авах таатай боломжуудыг олгож байгаа ч үүний зэрэгцээ бидний амьдарч буй газрын хажууд, амьдарч буй байрны дээвэрт суурилагдсан үүрэн холбооны бааз станц, антеннууд бидний эрүүл мэндэд хортой юу гэсэн асуулт байнга эргэлзээ төрүүлж байдаг.

Өдрөөс өдөрт нэмэгдэх болсон эдгээр үүрэн холбооны бааз станцууд нь хүний эрүүл мэндэд хортой эсэхийг ХХЗХ-ны Радио давтамж зохицуулалт хяналтын албаны дарга З.Амгалангаас тодрууллаа.

  • Үүрэн холбооны бааз станцууд нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юу?

Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Өнөөдөр дэлхийн буурай хөгжилтэйгөөс өндөр хөгжилтэй бүхий л улс оронд хөдөлгөөнт үүрэн холбооны сүлжээ болон бааз станцууд асар олон тоогоор суурилагдсан байна. Мөн олон улсын шинжлэх ухааны зөвлөлүүд 1995 оноос хойш хамтарсан судалгааг 10 гаруй жил хийсний үр дүнд үүрэн холбооны бааз станцын антеннаас цацаргаж буй радио сигнал нь хүний эрүүл мэндэд нөлөөлж болох түвшнээс хэт бага байгааг тодорхойлж үүнд санал нэгдсэн байдаг.

Хэрэглэгчид өндөр цамхагийг эсэргүүцэх, сөргөөр хүлээж авах тал байдаг. Антенны цамхаг бол ямар ч хор нөлөө байхгүй жирийн байгууламж, цамхагийн оройд суурилагдсан жижиг антеннаас зөвхөн радио сигнал цацаргаж байгаа гэдгийг хэрэглэгчид ойлгох хэрэгтэй. Мөн цамхгийн оройд суурилагдсан антеннаас доош чиглэлд сигнал дамжуулдаггүй ба энэ нь бааз станц орчмын цахилгаан соронзон орны цацаргалтын стандарт түвшингээр хязгаарлагддаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар нэвтрүүлэгч антеннаас цацаргаж буй радио сигнал нь хүний эрүүл мэндэд нөлөөлөх хязгаар, босгын түвшний 0.002% - 2%  хэмжээнд байна гэж тодорхойлсон байдаг.

2013 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Бидний урт хугацааны судалгаагаар бааз станцаас орчинд цацаргаж буй радио сигнал нь хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэх эсвэл ямар нэгэн өвчин үүсгэх шинж тэмдэг илэрсэнгүй” гэж онцлон тэмдэглэсэн байдаг

  • Танай байгууллагын зүгээс Радио сигнал, цахилгаан соронзон орны хяналтыг хэрхэн хийдэг вэ?

Харилцаа холбооны  зохицуулах хороо нь энэхүү асуудлыг чухалчлан авч үздэг ба цахилгаан соронзон орны нөлөөллөөс олон нийтийг хамгаалах үндэсний стандартуудыг боловсруулж, батлуулсан байдаг. Мөн байгууллага, хэрэглэгчдийн хүсэлтээр орчны цахилгаан соронзон орны нөлөөллийн түвшинг хэмжиж тодорхойлж өгөхөөс гадна орчин үеийн хөдөлгөөнт холбооны технологийн үйлчилгээ, үр ашгийг олон нийтэд хүргэх талд ч үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтайгаа тогтмол хамтран ажиллаж байна.  Ер нь улс орнууд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас баталсан эрүүл мэнд, аюулгүй байдал, цахилгаан соронзон орны цацаргалтын олон улсын  стандартыг даган мөрдөхөөс гадна олон улсын туршлага болон харьцуулалтуудыг үндэсний стандартдаа тусгадаг болно.

Бүх хөдөлгөөнт үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид нь эдгээр хатуу шаардлагыг дагаж мөрдөх ёстой ба зохицуулах хороо нь энэхүү техникийн нөхцөл шаардлагыг хэрхэн хангаж байгаа дээр байнга хяналт тавьж ажилладаг. Цахилгаан соронзон орны хүний биед нөлөөлөх нөлөөллийн талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Цахилгаан соронзон орон ба Олон нийтийн эрүүл мэнд” сэдэвт илтгэлийг http://www.who.int/peh-emf/publications/facts/fs304/en/  линкээр орж үзэх боломжтой юм:

  • Хэрэглэгчид радио үүсгүүрийн талаар тодорхой ойлголтгүй байдаг, ер нь үүрэн холбооны бааз станц гэж юу вэ?           

Үүрэн холбооны бааз станц гэдэг нь гар утаснаас сигнал хүлээн авч тэрхүү сигналыг цахилгаан холбооны бусад төрлийн сүлжээгээр дамжуулан шаардлагатай холбогдох цэгт хүргэх зориулалттай суурин станц юм. Бааз станц нь харилцаа холбооны маш чухал хэсэг бөгөөд тодорхой газар нутгийн сигналын чанар болон хамрах хүрээний чанарын шаардлагыг хангахын тулд маш сайн тооцоологдож суурилагдах ёстой. Хэрэв шинээр орон сууцны хороолол, дүүрэг, суурин газар байгуулагдах тохиолдолд тэр шинэ газар үүрэн холбооны үйлчилгээг хүргэх, сигналын хамрах хүрээг сайжруулахын тулд зайлшгүй үүрэн холбооны бааз станцыг шинээр суурилуулах шаардлагатай болдог. Иймээс хэрэглэгчид үүнийг зөвөөр ойлгож хүлээн авах нь чухал юм.

  • Радио сигнал ба цахилгаан соронзон орон гэдгийг тайлбарлаад өгөхгүй юу?

Бааз станцын цамхагийн оройд суурилагдсан антеннаас радио долгионоор дамжин яриа болон өгөгдлийн сигнал нь хүлээн авч бас нэвтрүүлэгддэг. Радио долгион нь агаараар орон зайд дамжихдаа бага хэмжээний цахилгаан соронзон оронг үүсгэдэг. Цахилгаан соронзон орон нь бидний амьдралын өдөр тутмын нэг хэсэг байдаг ба байгалиас ч гэсэн үүсгэгдэж байдаг. Тухайлбал байгалийн нар, хүүхдийн удирдлагатай тоглоом, гар утас, радио, телевизор, шарах шүүгээ мөн радио, телевизийн нэвтрүүлэгчид ч бага хэмжээний цахилгаан соронзон орон ялгаруулж байдаг юм.