Хүн төрөлхтөний агуу нээлтүүдийн тоонд интернет зүй ёсоор ордог. Орон зайнаас үл хамааран мэдээлэл солилцох өргөн талбар болох интернет нь одоо энэ дэлхийн олон зуун сая хэрэглэгчдийг холбосон аварга сүлжээ болтлоо хөгжөөд байгаа билээ. Энэхүү асар их мэдээллийг агуулсан аварга том сүлжээ нь хүмүүст хамгийн бага зардлаар хүссэн мэдээллээ олж авах боломжийг олгох болсноор хүн төрөлхтөний түүхийн хуудаснаа мэдээллийн шинэ эрин үеийг нээсэн билээ.
Өнөөдөр интернет нь хүн бүрийн өдөр тутмын зайлшгүй хэрэгцээ болоод байгаа мэдээллийн шинэ эринд интернетийн хурд, холболт найдвартай, чанартай байх нь маш чухал үзүүлэлт болоод байна. Гэвч хүн бүрийн хэрэглэж байгаа интернет хурд, холболтын чанарын хувьд харилцан адилгүй байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд интернетийн үйлчилгээний холболт, хүртээмжийг сайжруулах чиглэлээр үе шаттай алхмууд хийж ажилласны үр дүнд Улаанбаатар хот, хөдөө орон нутагт ард иргэд маань тодорхой түвшинд интернетийг хэрэглэн, үр өгөөжийг нь хүртэж байгаа билээ. Интернетийн хүртээмжийг нэмэгдүүлж, хэрэглээг бий болгоход анхаарахын зэрэгцээ “чанар” гэсэн чухал үзүүлэлтийг орхигдуулахгүй байх нь нэн чухал байдаг. Энэхүү чанарын асуудалд Монгол Улсын Засгийн Газрын зүгээс мөн анхаарал хандуулж, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөр зэрэг үндэсний хэмжээний бодлогын баримт бичгүүдэд тусгаж өгсөн юм.
Дээрх бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2015 онд интернетийн үйлчилгээ эрхлэгчдийн /утастай болон утасгүй/ үйл ажиллагаанд олон улсын мэргэшсэн байгууллагаар хөндлөнгийн хяналт, мониторинг хийлгэхээр зөвлөх үйлчилгээний тендерийг зохион байгуулсан билээ. Энэхүү зөвлөх үйлчилгээний тендерт өргөн зурвасын өндөр хурдны интернетийн үйлчилгээний хяналт, мониторингоор мэргэшиж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, Англи, Америк, Бразил, Сингапур, Канад, Европийн холбоо зэрэг бусад орны зохицуулах байгууллагуудтай интернетийн чанарын хяналт, мониторингийн асуудлаар хамтран ажиллаж байгаа Англи Улсын Самнөүс /Samknows/ компани шалгарч, тус хороотой хамтарсан зөвлөх үйлчилгээний төслийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Самнөүс компанийг анх Английн иргэн Сам Краувфорд 2008 онд интернетийн чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилгоор байгуулж байсан бөгөөд өнөөдөр Англи төдийгүй бусад улс орнуудын Засгийн Газар, зохицуулах байгууллага, хэрэглэгч, үйлчилгээ эрхлэгч гээд бүхий л түвшинд хамтран ажиллах болтлоо өргөжсөн байна.
Харилцаа холбооны зохицуулах хорооны хувьд Самнөүс компанитай хамтран Монгол Улсын интернет хурдыг хоёр чиглэлээр хэмжихээр төлөвлөөд байна. Үүнд:
Нэгдүгээрт өрхийн утастай интернет хэрэглэгчид өөрийн интернетийн гарцдаа тусгай төхөөрөмж суурилуулан интернетийн хурдыг шалгах
Хоёрдугаарт утасгүй интернетийг хэмжих програм хангамжийг ашиглан хөдөлгөөнт интернетийн хурдыг шалгах
Өрхийн интернет хэрэглэгчдийг сайн дурын үндсэн дээр шалгаруулах бөгөөд шаардлага хангасан 100 хэрэглэгчдэд хэмжилтийн тусгай төхөөрөмжийг үнэ төлбөргүй олгох юм. Самнөүс компанийн зүгээс интернетийн үйлчилгээний чанарт мониторинг хийх үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй өрхийн интернетийн үйлчилгээ авч буй хувь хэрэглэгчдийг тусгайлан боловсруулсан веб сайтаар “http://mongolia.samknows.com/” дамжуулан бүртгэнэ. Эдгээр бүртгүүлсэн хэрэглэгчдээс Самнөүс компанийн зүгээс холбогдох судалгааны арга, зүйд нийцүүлэн боловсруулсан тодорхой шалгуур, үзүүлэлтийн дагуу 100 хэрэглэгчийг сонгож, хэрэглэгчдийн хаягийн дагуу тусгай төхөөрөмжийг /White box/ түгээх юм. Хэрэглэгчид уг төхөөрөмжийг ашиглан өөрийн авч буй интернетийн үйлчилгээний бодит хурдыг хэмжих боломжтой болох юм. Самнөүс компанийн зүгээс “Вайтбокс” /White box/ гэж нэрлэж буй энэхүү төхөөрөмжийн суурилуулалт, ашиглалттай холбоотой заавраар хэрэглэгчдийг хангаж ажиллах болно.
Харин утасгүй интернетийн хурд шалгагч програм хангамжийг хүссэн хүн бүхэн ашиглах боломжтой. Энэхүү програм хангамжийг /апп/ Монгол Улсад түгээмэл ашиглагдаж буй гар утасны Android, iOS гэсэн үйлдлийн системүүдэд зориулан хөгжүүлсэн тул Apple брэндийн интернетэд холбогдох боломжтой бүх төрлийн тоног төхөөрөмж болон бусад интернетэд холбогдох боломжтой бүх төрлийн Android үйлдлийн системтэй тоног төхөөрөмж дээр татаж авч суулган ашиглах боломжтой ашиглахад энгийн, хялбар програм хангамж юм. Ингэснээр хэрэглэгч та өөрийн хэрэглэж буй интернетийн хурдыг бодитойгоор хэмжих боломжтой болох юм. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Самнөүс компанитай хамтран Монгол Улсад зориулан хэмжилтийн програм хангамжийг туршилтаар нэвтрүүлэн, ашиглаж 4 удаа шинэчилэн сайжруулаад байгаа болно.
Хэрэв хэрэглэгч интернетийн чанарын хяналт, мониторингийн үйл ажиллагаанд оролцохыг хүсвэл дараах дэлгэрэнгүй заавартай танилцана уу.
ӨРХИЙН ИНТЕРНеТИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТ ХИЙХЭД ОРОЛЦОХЫН ТУЛД
Өрхийн интернет хэрэглэгчид сайн дураар өөрийн интернетийг хурдыг шалгуулах тохиолдолд дараах байдлаар бүртгүүлнэ.
- http://mongolia.samknows.com/ сайт руу веб хуудасны үндсэн цэсэнд байрлах “Fixed broadband” цэс руу орж Sign-up form гэсэн дэд цэсийг сонгоно.
- Sign-up form дээр дарахад дараах мэдээлэл бүхий талбар гарч ирнэ. Талбарыг латинаар дараах байдлаар холбогдох мэдээллийг бөглөн Submit гэсэн товчийг дарж баталгаажуулна. Жишээ болгон үзүүлэв.
- Бүртгүүлсэний дараа Самнөүс компанийн зүгээс тодорхой шалгуур, үзүүлэлт тухайлбал интернетийн үйлчилгээ үзүүлэгч компанийн нэр, хэрэглэж буй интернетийн хурд, оршин байгаа байрлал зэргийг харгалзан таныг сонгох эсэхийг шийднэ. Хэрэв таныг сонгосон бол Самнөүс компанийн зүгээс таньд мониторингийн үйл ажиллагаанд оролцох нөхцлийг /terms and conditions/ хүлээн зөвшөөрч байгаа эсэхээ баталгаажуулахыг хүссэн имэйл ирүүлнэ. Та энэхүү нөхцлийг хүлээн зөвшөөрч, тусгай төхөөрөмжийг /White box/ хүлээн авах хаягаа үнэн зөв бөглөснөөр интернетийн үйлчилгээний чанараа мониторинг хийхэд оролцох боломжтой болно.
Жич: Хэрэв та http://mongolia.samknows.com/ руу орж бүртгүүлсэн бол бүртгэлийн хуудас дээр бичсэн өөрийн имэйл хаягийг байнга шалгаж, мониторингийн үйл ажиллагаанд оролцох нөхцлийг /terms and conditions/ хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг асуусан имэйл ирсэн эсэхийг шалгаж байна уу.
Төхөөрөмжийг холбох заавар
ХӨДӨЛГӨӨНТ ИНТЕРНЕТИЙН ХУРДАА ШАЛГАХЫГ ХҮСВЭЛ
Хөдөлгөөнт интернетийн хэрэглэгчид интернетийн хурдаа хэмжиж хянахдаа дараах байдлаар програм хангамжийг суулгана.
- http://mongolia.samknows.com/ сайт руу хандан веб хуудасны үндсэн цэсэнд байрлах “Mobile broadband” цэс руу орж өөрийн ашиглаж буй тоног төхөөрөмжийн үйлдлийн системд тохирох програм хангамжийг татаж аван гар утас, iPad, зөөврийн компьютер зэрэг төхөөрөмжийн WiFi, WiMax, 2G, 3G технологиор холбогдсон интернетийн хурдаа шалгаарай.
iOS систем бүхий төхөөрөмжүүдэд зориулсан програм хангамж
Android систем бүхий төхөөрөмжүүдэд зориулсан програм хангамж
Иймд та бүхэн өөрийн авч буй интернетийн үйлчилгээний хурд, чанар бодит байдал дээр ямар байгааг мэдэхийг хүсвэл тус хорооноос хэрэгжүүлж буй энэхүү мониторингийн үйл ажиллагаанд өргөнөөр оролцож, http://mongolia.samknows.com/ веб сайт руу орж бүртгүүлэхийг урьж байна.
Таны оролцоо Монгол Улсын интернетийн цаашдын хөгжилд хувь нэмэр болох болно.