Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 3 дугаар хуралдааныг 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулав. Тус хуралдаанаар нийтдээ 10 гаруй асуудлыг хэлэлцэн хорооны 7 тогтоол, 3 тэмдэглэлийг тус тус гаргаж шийдвэрлэсэн.
Улс хоорондын ярианы зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээ эрхлэгчдийг шударга үр ашигтай өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, батлагдсан зохицуулалтын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор тухайн зах зээл дэх эдийн засгийн үндсэн зохицуулалтыг 2012 оны 05 дугаар тогтоолоор чөлөөлж, 2006 оны 31 тоот тогтоолоор батлагдсан “Улс хоорондын орох ярианы тарифын мөрдөлтөд хяналт тавих журам”, “Улс хоорондын ярианы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ын хүрээнд хэрэгжүүлэлт, хяналтыг тавьж ажиллаж ирсэн болно. Тус хорооны 2014 оны 39 тоот тогтоол батлагдсантай холбогдуулан ”Улс хоорондын ярианы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ыг хүчингүй болгосон. Уг үйлчилгээний зохицуулалт үндсэндээ хийгдэхгүй байгаа учраас Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1.2 болон тус хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн 2006 оны 31 дүгээр тогтоолоор батлагдсан “Улс хоорондын орох ярианы тарифын мөрдөлтөд хяналт тавих журам”-ыг хүчингүй болголоо. Уг журмыг хүчингүй болгосонтой холбогдуулан 2012 оны 05 дугаар тогтоолын 2 дугаар заалтаас холбогдох зарим хэсгийг хүчингүй болгох, 2012 оны 05 тоот тогтоолын хавсралтын улс хоорондын орох яриаг хяналтын нэгдсэн станцаар дамжуулсны төлбөр тооцоог тогтоол батлагдсан 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болгон өмнөх төлбөр тооцоог бүрэн барагдуулж ажиллахыг Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК болон улс хоорондын ярианы үйлчилгээ эрхлэгчдэд үүрэг болгохоор 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 09 тоот тогтоолоор тус тус шийдвэрлэв.
Хуралдаанаар “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцээд, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.3 дахь заалт, “Стандартчилал, тохирлын үнэлгээний ажил, үйлчилгээний төлбөрийн тухай” Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд нарын 2007 оны 106/314 дугаар хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралт, MNS ISO/IEC 17067:2014 тоот “Тохирлын үнэлгээ-Бүтээгдэхүүн баталгаажуулалтын үндсэн асуудал ба бүтээгдэхүүний баталгаажуулалтын схемийн заавар стандарт”-ыг тус тус үндэслэн 2015 оны 10 дугаар тогтоолын хавсралтын дагуу “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн батлав. Ингэснээр мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт, итгэмжлэл хийж гүйцэтгэх төлбөрийн хэмжээг тодорхойлох томьёо, тооцох аргачлал, олон улсын стандартчиллын схемчилсэн үе шат, түүнийг ашиглах зааврыг шинэчлэн тогтоож, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж мөрдөхөөр болов. Түүнчлэн уг тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжийн баталгаажуулалтын төлбөрийг 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хөнгөлж, 50,000 /тавин мянга/ төгрөгөөр тогтоох шийдвэрийг гаргалаа. Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжийн баталгаажуулалтын төлбөрийг тодорхой хугацаанд бууруулснаар шилжилтийн үед үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн дарамт ачааллыг хөнгөлөх, хэрэглэгчийн төхөөрөмжийн худалдан авалт, нэвтрэлтийг дэмжинэ гэж үзэж байна.
Тус хуралдаанаар шинээр боловсруулсан “Монгол Улсын хэмжээнд Харилцааны тоон радио транкинг станцад тавигдах техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлага, радио давтамжийн 342.0-344.5 / 347.0-349.5 МГц-ийн зурвасын зохицуулалт”-ын баримт бичгийн төслийг хэлэлцэж, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1.10, “Радио долгионы тухай хууль”-ийн 7.1, тус хорооны Дүрмийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус үндэслэн хорооны хуралдааны 2015 оны 11 тоот “Давтамжийн зурвас хуваарилах тухай” тогтоолын хавсралтаар баталсан. Энэхүү нөхцөл шаардлага, зохицуулалтын баримт бичиг батлагдсанаар хөдөлгөөнт холбооны харилцааны тоон радио станцын хэрэглээг дэмжих, тулгарч байгаа зарим давтамжийн нөлөөллийн асуудлуудыг шийдэх, радио давтамжийн зурвас бага эзэлдэг тоон технологи бүхий шинэ систем, үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх болно.
Улаанбаатар хот болон орон нутагт суурилагдсан цөөн тоотой антены цамхаг дээр аналог телевиз, тоон телевиз, ФМ радио, олон сувгийн телевиз (MMDS), үүрэн холбоо, утасгүй интернет, аналог харилцааны станц, радио релей гэх мэт олон төрлийн, олон тооны антен болон антены байгууламжийг олноор зэрэгцүүлэн суурилуулах явдал сүүлийн жилүүдэд их гарч байна. Үүний улмаас антены цамхагт байрлах нэвтрүүлэх, хүлээн авах антеныг байрлуулах зай талбай улам бүр ойртох, улмаар радио сүлжээ нь хэдийгээр өөр өөр радио давтамжийн зурваст ажиллаж байгаа боловч хөндлөнгийн шуугиан болон интермодуляцын харилцан нөлөөлөлд өртөх нь нэмэгджээ. Иймээс тус хорооноос асуудлыг боловсруулан холбогдох журмын төслийг хуралдаанаар хэлэлцүүлсэн болно. Хорооны хуралдааны 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Утасгүй холбооны нэвтрүүлэх болон хүлээн авах антены байгууламжийг бүртгэлжүүлэх журам”-ыг баталж, журам батлагдсантай холбогдуулан 2013 оны 36 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Радио давтамж ашиглах зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-д хоёрдугаар хавсралтын дагуу нэмэлт оруулав. Уг журмыг батлан хэрэгжүүлснээр үйл ажиллагаа явуулж буй радио станц болон антены байгууламжийн талаарх мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ашиглах, бүртгэлжүүлэх, онолын ба техникийн зохицуулалтын арга хэмжээг тухай бүр авах, радио долгионы харилцан нөлөөллөөс зайлсхийх, илрүүлэх боломжийг бүрдүүлэх, олон улсын радио давтамжийн бүртгэлд бүртгүүлэх, баталгаажуулах үйл ажиллагааг боловсронгуй болгох ач холбогдолтой юм.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос шуудангийн үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх, бүртгэлжүүлэх болон хэрэглэгчдэд учрах эрсдэлийг бууруулах, хилийн чанадад хамтран ажиллах байгууллагын хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор “Шуудангийн үйлчилгээ эрхлэх Б-ангиллын тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ыг Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1.3, “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, тус хорооны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2.4 заалтуудыг тус тус үндэслэн 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолын хавсралтаар шинэчлэн баталлаа. Энэхүү тогтоол батлагдсанаар хорооны 2013 оны 64 тоот тогтоолын хоёрдугаар хавсралтыг хүчингүй болгов. Шинэчлэн батлагдсан нөхцөл шаардлагыг хэрэгжүүлснээр шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн технологийн шат дамжлагын бүртгэлийн үйл ажиллагаа сайжирч, хэрэглэгчдэд өөрийн илгээмжийн байршлын мэдээллийг хүссэн цагтаа авах, болзошгүй эрсдэлээс хамгаалагдах бөгөөд мөн үйлчилгээний хүргэлтийн чанарыг дээшлүүлэх зэрэг олон давуу талтай болсон байна
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 14 тоот тогтоолын хавсралтаар:
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2,Тус хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтууд болон хорооноос хийсэн гүйцэтгэлийн хяналт шалгалтын дүгнэлтийг тус тус үндэслэн 12 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгох;
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, , Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2 дахь заалтуудыг үндэслэн 3 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах;
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3, тус хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг үндэслэн 23 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх;
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1 дэх заалтыг үндэслэн 8 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх;
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1, 14.1.5, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн журмын 8.1, тус хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг үндэслэн 33 аж ахуйн нэгж, , хуулийн этгээд,хуь хүний эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэв.
Тус хуралдаанаар “Телевиз, радиогийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ын шинэчилсэн баримт бичгийн төслийг дахин авч хэлэлцээд, “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын нөхцөл шаардлага” болгон шинэчилж 2015 оны 15 дугаар тогтоолоор баталж, хэрэгжилтийг зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Энэхүү тогтоолыг баталснаар тус хорооны 2011 оны 7 дугаар тогтоол, 2013 оны 2 дугаар тогтоол, 2013 оны 21 дүгээр тогтоол, 2013 оны 34 дүгээр тогтоол, 2013 оны 35 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгов. Уг нөхцөл шаардлагыг шинэчлэн баталснаар тусгай зөвшөөрлийн ангилал тус бүрт мөрдөж ирсэн олон тусдаа нөхцөл шаардлагуудыг нэгтгэж үйлчилгээ эрхлэгчдэд хууль тогтоомж, нөхцөл шаардлагыг хэрэгжүүлэхэд нэгдсэн ойлголттой болох, нөхцөл шаардлагын хэрэгжилт, мониторингийн явцад тодорхойгүй зарим асуудлыг тодорхой болгох ач холбогдолтой юм. Нөхцөл шаардлагын шинэчилсэн төслийг боловсруулах явцдаа ( 2014 оны 4-р улиралд) телевиз, кабелийн суваг, ОСДҮЭ-ийн дунд тус тусад нь хэлэлцүүлэг зохион байгуулж байсан бөгөөд уулзалт, хэлэлцүүлгээр хэлэлцсэн асуудлуудыг тухай бүр тусгаж, үйлчилгээ эрхлэгчдээс дахин санал авсан болно. Түүнчлэн Монголын телевизүүдийн холбооноос албан ёсоор саналаа ирүүлсэн бөгөөд санал шүүмжлэлийг хүлээн авч, нөхцөл шаардлагын төсөлд тодорхой байдлаар тусгасан болно.
УИХ-аас “Харилцаа холбооны тухай” хуульд 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хорооны Даргын 2014 оны А/176 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг, дэд ажлын хэсгээс бэлтгэсэн “Дугаартайгаа шилжих үйлчилгээ (MNP)-г Монгол Улсад нэвтрүүлэх ажлын явцын тухай танилцуулга”-ыг хуралдаанаар хэлэлцэн уг үйлчилгээг нэвтрүүлэх талаар гүйцэтгэж байгаа арга хэмжээ, ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Монгол Улсад Дугаартайгаа шилжих үйлчилгээ (MNP)-г нэвтрүүлэх талаар авах арга хэмжээний тухай” хуралдааны тэмдэглэл гаргав. Хуралдааны тэмдэглэлээр ажлын хэсэгт холбогдох удирдамж чиглэл, төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацаатай үүрэг даалгавар өгч, хорооны хуралдаанд ажлын явцыг тухай бүр танилцуулахыг үүрэг болголоо .
Тус хуралдаанаар Улаанбаатар хотын олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, Улаанбаатар хотын тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн (15) үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, Улаанбаатар хотын 2014 оны шалгалтаар сануулах арга хэмжээ авсан кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн (26) үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, Мэдээлэл, холбооны үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын дүн, Улаанбаатар хотын интернетийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг тус тус хэлэлцээд, шалгалтын үр дүнг хэрэгжүүлэх, холбогдох хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох санал, дүгнэлтийг 2015 оны 14 дүгээр тогтоолд тусгаж шийдвэрлэсэн болно. Түүнчлэн хорооны хуралдаанаас дээрх 5 шалгалтын дүнг хэрэгжүүлэх, цаашид авах арга хэмжээ болон хугацаат үүрэг даалгаврыг хүргүүлэх талаар “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” хуралдааны тэмдэглэл гаргалаа.
“Сансрын холбооны газрын станцыг ОУЦХБ-д бүртгүүлэх зөвлөмж”-ийн баримт бичгийн төслийг хорооноос боловсруулсан ба уг баримт бичгийг хорооны хуралдаанд танилцуулав. Хуралдаанаас хорооны гишүүдээс гаргасан саналуудыг тусган эцэслэн боловсруулж, зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх талаар холбогдох албанд хуралдааны тэмдэглэлээр даалгав. Энэхүү зөвлөмжийг мөрдөж эхэлснээр манай улсад үйл ажиллагаа явуулж буй радио станцуудыг олон улсын бүртгэлд баталгаажуулах, улмаар хөрш орнуудтай радио давтамжийн зохицуулалтын хэлэлцээрт хамтран ажиллах, радио долгионы харилцан нөлөөллөөс зайлсхийх, сансрын хөдөлгөөнт бус холбооны үйлчилгээ эрхлэгчид ОУЦХБ-ын програм хангамжийг ашиглан өөрийн газрын станцуудыг олон улсад бүртгүүлэх чадвартай болох, үнэн зөв мэдээллийн санг бүрдүүлэх боломжтой болно.