Home / Articles / Мэндчилгээ
Мэндчилгээ
2015-05-28
Мэндчилгээ Мэндчилгээ

Монгол Улсад орчин цагийн  мэдээлэл, харилцаа холбоо  үүсч хөгжсөний 94 жилийн ойн баяр болон мэдээлэл, харилцаа холбооны бие даасан зохицуулах байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ойн баярын мэндийг тус байгууллагын тулгын чулууг тавилцаж, хөгжлийн түүхийг бүтээлцсэн ахмад буурлууд, үе үеийн удирдлага, хамт олон, одоо ажиллаж шинэ түүхийг бүтээж буй нийт инженер техникийн ажилтан, ажиллагсад, тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон уг салбарын үйлчилгээг хүртэж буй хэрэглэгчид, иргэддээ өргөн дэвшүүлье!

Анх 1995 онд Дэд бүтцийн хөгжлийн сайдын тушаалаар Харилцаа холбооны зохицуулах зөвлөл байгуулагдаж, мөн онд Харилцаа холбооны тухай хууль, 1999 онд Радио долгионы тухай хууль тус тус батлагдсан бөгөөд 2001 онд Харилцаа холбооны тухай хуулийг шинэчлэн батлуулснаар одоогийн Зохицуулах хороог бие даасан байгууллагын статустайгаар ажиллуулж эхэлсэн түүхтэй.

Анхны үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг Мобиком ХХК-д 1995 онд олгож байсан бол 1996 онд интернет, олон сувгийн үйлчилгээ болон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг Сансар КаТВ, Датаком, 25-р телевиз, ФМ 102,5 зэрэг газруудад тус тус олгож байжээ.

20 жилийн дараа мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлчилгээ төрөл, хэлбэр болоод хамрах хүрээний хувьд олон арав дахин өргөжин тэлж, дэлхийн чиг хандлага, стандартад нийцэхүйц түвшинд хүрч бидний  ажил, амьдралын хамгийн чухал хэрэглээний нэг болсон нь салбарын бодлого, зохицуулалтын ажлын үр дүн гэж ойлгож байна.   

2014 оны жилийн эцсийн нэгдсэн статистик тайлангаар  Монгол Улсад  4,9 сая үүрэн холбооны хэрэглэгч, үүнээс 1,7 сая ухаалаг утас хэрэглэгч, 1,9 сая гаруй интернет хэрэглэгч, 670 орчим мянган КаТВ хэрэглэгч байгаа нь манай салбарын хамрах хүрээ хэрхэн тэлсэн болохыг  тодорхойлж байна. Дээрх тайлангаар салбарын нийт орлого 850 тэрбум, нийт хөрөнгө оруулалт 230 гаруй тэрбум төгрөг байгаа нь 5 жилийн өмнөхтэй харьцуулахад 2-3 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

 Энэ бүхэн нь мэдээлэл, харилцаа холбооны салбарын оператор компаниуд, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн маань шинэ шинэлэг санал санаачилга, шударга өрсөлдөөн болон уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн үр дүн юм.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид бүрэн шилжүүлэх, цахим орчны болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, өргөн зурвасын үйлчилгээ ба хэрэглээг улам нэмэгдүүлэх, контентийн зохицуулалт, шуудангийн үйлчилгээнд мэдээллийн технологийг ашиглах, мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн төхөөрөмжүүдийн баталгаажуулалтыг хийх, дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх, салбарын үйлчилгээ хэрэглэгчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх  олон ажил, арга хэмжээг олон улсын стандарт, жишигт нийцүүлэн хэрэгжүүлж ажиллаж байна.

Зохицуулалтын хууль, эрх зүйн орчинг төгөлдөршүүлэх, салбарын өрсөлдөөний таатай орчинг боловсронгуй болгох ажилд  тус  салбарт үйлчилгээ эрхлэгчид, тусгай зөвшөөрөл эзэмшигчид маань бидэнтэй нэгдэн хамтран ажиллаж хамтдаа шинэчлэгдэж байгаад талархаж явдгаа  илэрхийлье!

Зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгж, компанийн хамт олонд мөн талархал илэрхийлье!

1865 оны 5 дугаар сарын 17-ны өдөр одоогийн Олон улсын цахилгаан холбооны байгууллага “Олон улсын цахилгаан шуудангийн холбоо” нэртэйгээр байгуулагдаж байсан 150 жилийн өмнөх түүхийг энэ өдрүүдэд дэлхийн улс орнуудын мэдээлэл, харилцаа холбооны салбарын байгууллагууд дурсан тэмдэглэж байгаа.

Дэлхийн 193 орны мэдээлэл, харилцаа холбооны салбарын 700 гаруй байгууллагууд энэ өдрүүдэд энэ салбарын өнөөгийн хөгжлийн түвшин болоод цаашдын чиг хандлага, хэрэгцээ шаардлагуудыг  :

  • мэдээлэл, харилцаа холбооны салбарын шинэчлэлт болон технологийн дэвшил, өргөн зурвасын сүлжээг бүрэн нэвтрүүлж дэлхий  даяар интернетэд холбогдох боломжгүй байгаа 4 тэрбум гаруй хүнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлчилгээг хүргэх,
  •  хойч үе, ирээдүй болсон багачууд хүүхдүүд, залуу үе маань айдас болгоомжлол, аюул заналгүйгээр интернет орчинд бие даан ажиллаж амьдрах чадвартай байх
  • цахим орчин дах хүйсийн эрх тэгш байдлыг хангах, тэр дундаа хөгжиж буй орнуудын хувьд салбар дах эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх
  • нэг тэрбум орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл, технологи, харилцаа холбооны үйлчилгээг хүргэж, тэдэнд энэ салбарын үр нөлөөг мэдрүүлэх гэж  онцлон  тодорхойлсон.

Бид эдгээр санал санаачлагын дор нэгдэн салбарын бодлого зохицуулалтын асуудлыг авч хэлэлцээд 2015 оныг “Төр хувийн хэвшлийн түншлэлийн жил” болгон зарласан бөгөөд энэ чиглэлээр  үр дүнтэй тодорхой ажил, алхмуудыг хамтран хийж амжилтанд хүрнэ  гэдэгт итгэлтэй байна.       

Нийт үйлчилгээ эрхлэгчид, хэрэглэгч та бүхэнд Монгол Улсад орчин цагийн  мэдээлэл, холбоо үүсч хөгжсөний 94 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Харилцаа холбооны зохицуулах хорооны 20 жилийн ойг тохиолдуулан энэ салбарын зохицуулалтын орчныг сайжруулах, хөгжил, дэвшлийг хамтдаа цогцлоон бүтээхийн төлөө зүтгэж, өөрийн хөдөлмөр, оюун ухаан, сэтгэл зүрхээ харамгүй зориулж ирсэн мэргэжил нэгт нөхөд, хамтран зүтгэгч нартаа  үргэлж эрч хүч, аз хийморьтой, эрүүл энх байж ажил үйлс тань үргэлж өөдрөг байхын ерөөлийг хорооны гишүүд, даргын зөвлөл, хамт олныхоо өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Сайн үйлс дэлгэрэх болтугай !