Home / Articles / Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээний талаар...
Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээний талаар мэдээлэл
2015-05-26

Монгол Улсын "Харилцаа холбооны тухай" хуулийн 9.1.11, "Радио долгионы тухай" хуулийн 5.2.3-д тус тус заасан Харилцаа холбооны зохицуулах хорооны (цаашид ХХЗХ гэх) бүрэн эрхийн хүрээнд үндэсний радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалтын зохицуулалт, удирдлагыг хэрэгжүүлдэг бөгөөд тус хорооноос иргэн, хуулийн этгээдэд олгосон радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн  радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоож мөрдүүлдэг болно.

Радио давтамжийн зохицуулалт нь олон улсын шинж чанартай асуудал юм. Тухайлбар, хил залгаа хөрш орнуудын, олон улсын радио давтамжийн бүсчлэл зэрэг олон улсаас хамаарах хүчин зүйлс нөлөөлдөг юм.

“Радио долгионы тухай” хуулийн 5 дугаар зүйл дэх “Радио долгионы талаар төрийн байгууллагын бүрэн эрх”-ийн хүрээнд 5.2.3 дахь хэсэгт “радио давтамжийн хуваарилалтын нэгдсэн бүртгэл гаргах, радио давтамжийн зурвасыг ашиглах, төлөвлөх, хуваарилах болон радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журам батлах” гэж заасныг үндэслэн тухайн үед Дэд бүтцийн сайдын 2003 оны 216 тоот тушаалаар батлагдсан “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний  төлбөрийн хэмжээ тогтоох журам”-аар радио давтамж ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоосон байдаг.  Энэхүү тушаалын 2 дахь заалтад “Батлагдсан журмыг мөрдлөг болгон радио давтамжийн төлбөрийн хэмжээг тогтоож мөрдүүлэх ажлыг Харилцаа холбооны зохицуулах хороонд зөвшөөрсүгэй” гэжээ.

Дэд бүтцийн сайдын дээрх тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор тус хорооны 2003 оны 36 тоот тогтоолын хавсралтаар “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-г нарийвчлан тогтоож баталсан байна.

ХХЗХ-ноос 2003 оны 36 тоот тогтоолоор баталсан “Радио давтамж ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр 2013 онд судалгаа талаар хийж, гадаад дотоодын зөвлөх үйлчилгээ авч ажилласан. Судалгааны хүрээнд радио давтамж ашиглалт, үйлчилгээний төлбөр бодох аргачлал тогтооход олон улсын жишиг зарчмыг баримтлах, нэн шаардлагатай тооцох, нөлөөлөх хүчин зүйлс, үзүүлэлтийг судалсан болно. Тухайлбал, хязгаарлагдмал нөөц бүхий радио давтамжийг үр ашигтайгаар төлөвлөх, ашиглах, хяналт мониторингийн зардал, радио давтамжийн зах зээлийн үнэлгээ, хамрах хүрээ, үндэсний болоод олон улсын зохицуулалт, бүртгэл, мэдээллийн ил тод байдал, өрсөлдөөнийг дэмжих зэрэг нөхцөл шаардлагууд зэрэг болно.

Радио давтамж ашиглалтын төлбөрийн хэмжээг тогтооход үндсэн 3 үзүүлэлт /параметр/-ээс   хамаардаг бөгөөд эдгээрт радио давтамжийн зурвас ашиглалтын төлбөр, радио нэвтрүүлэгчийн хүчин чадал, хамрах хүрээний төлбөр, төрөл ангиллын төлбөрийг тооцох шаардлага гасан юм. Түүнчлэн ХХЗХ-ноос радио давтамж ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг анх 2003 онд батлан гаргаж, мөрдүүлснээс хойш дээр дурьдсан төлбөрийн хэмжээ тогтоох олон улсын аргачлал, үндсэн үзүүлэлтийн аль нэгэнд ямар нэгэн хэмжээгээр өсөн нэмэгдүүлсэн нэмэлт, өөрчлөлтийг огт хийлгүйгээр 11 жил тогтвортой мөрдөж ирсэн.

Сүүлийн жилүүдэд мэдээлэл, харилцаа холбооны шинэ дэвшилтэт техник, технологиуд утасгүй холбоо буюу радио давтамж ашиглах нь өсөн нэмэгдэж, тэр хэрээр радио давтамжийн хяналт мониторинг хийхтэй холбоотой хэмжүүрийн хэрэгсэл, тоног төхөөрөмж өргөнөөр ашиглах шаардлага гарч байна.

Олон улсын радио давтамжийн төлбөрийн аргачлал, Монгол Улс дахь төлбөр тогтоох үндсэн үзүүлэлтийг нарийвчлах, шинээр үйлчилгээ хэрэглээг дэмжин нэвтрүүлэх, үүссэн нөхцөл байдалд нийцүүлж шинэчлэх шаардлагын үндсэн дээр Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2003 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Радио давтамж ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-нд 2013 оны 66 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан шийдвэрийг байгууллагын нууцаас холбогдох дүрэм, журмын дагуу хасч, олон нийтэд нээлттэй болгон хүргэж байна. Нэмэлт, өөрчлөлт оруулсан Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг эндээс татаж авч танилцана уу.