Home / Articles / Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөрөнгө оруулалт, зах...
Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөрөнгө оруулалт, зах зээлийн судалгаа
2015-05-19

Судалгааг боловсруулсан: А.Лувсан-Очир (ЗЗҮТА-ны дарга)

Н.Цэнд-Аюуш (ЗЗҮТА-ны мэргэжилтэн)

Судалгааны зорилго

Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2011 оноос анх кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож эхэлсэн.

Энэхүү судалгааны зорилго нь Харилцаа холбооны  зохицуулах хорооноос кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авах гэж буй байгууллага, аж ахуй нэгж, иргэдийг анхан шатны мэдээллээр хангах, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэхэд дунджаар ямар хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах, тухайн зах зээлд хичнээн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулж байгаа, цаашид уг үйлчилгээг үр ашигтай явуулахад шаардагдах дүн шинжилгээний мэдээллийг өгөхөд оршино.

Өнөөгийн байдал

Кабелийн сувгийн  үйлчилгээний зах зээл:

Харилцаа холбооны зохицуулах хорооноос кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нийт 95 аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд олгосноос Улаанбаатар хотод 82, орон нутагт 13 үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээр кабелийн сувгуудын үйлчилгээ эрхлэгчид нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх Б ангилал”-ын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд кабелийн сувгийн  үйлчилгээгээ тусгай зөвшөөрөлд заасан төрөлжсөн чиглэлийн дагуу нэвтрүүлэг агуулгуудыг бэлтгэж телевиз, радиогийн олон сувгийг агаараар, кабелиар болон интернет протокол ашигласан, дамжуулан хүргэх үйлчилгээ эрхлэгчид (ММДС, КаТВ, АйПи ТиВи) болон хиймэл дагуулын сүлжээгээр дамжуулан үзэгч, хэрэглэгчдэд хүргэж байна.

Тус хорооноос тавьж буй нөхцөл шаардлагын хүрээнд кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчид нь оюуны өмчийг дээдэлсэн, танин мэдэхүй, соён гэгээрүүлэх агуулгуудыг төрөлжсөн чиглэлийн дагуу бэлтгэж үзэгчиддээ хүргэж байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан телевиз, радио өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлагын дагуу 7 хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 50-иас доошгүй хувь нь Монгол Улсад бүтээгдсэн агуулга бэлтгэх, 1 өдрийн хөтөлбөрийн нийт цагийн 80-аас доошгүй хувь нь өөрийн сонгосон төрөлжсөн чиглэлээр бэлтгэсэн агуулгатай байх шаардлагыг судалгаанд хамрагдсан нийт кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн 70 гаруй хувь нь ханган ажиллаж байна.

Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зарим телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид өөрийн нэвтрүүлгийн бодлого, үйл ажиллагааны чиглэл, онцлогийг агуулсан кабелийн сувгаар хөтөлбөр бэлтгэж үзэгчдэд хүргэж байна. 

Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын байдал

Энэхүү судалгаанд Улаанбаатар хотод болон нэр бүхий 14 аймагт үйл ажиллагаа явуулж буй нийт 95 кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамрагдсанаас 24 үйлчилгээ эрхлэгч байнгын үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 71 үйлчилгээ эрхлэгчдээс ирүүлсэн судалгаанд үндэслэн энэхүү мэдээллийг бэлтгэлээ.

Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн анхны болон нэмэлт хөрөнгө оруулалтын бүтэц

 

Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаагаа эхлүүлэх анхны хөрөнгө оруулалтынхаа 26.96 хувийг студи байгуулахад, 46.42 хувийг нэвтрүүлэг бэлтгэх техник, тоног төхөөрөмж худалдаж авахад, 26.62 хувийг барилга байгууламж болон бусад хөрөнгө худалдан авахад тус тус зарцуулдаг байна.

Харин үйл ажиллагаагаа эхлүүлсний дараагийн жилүүдэд хийгдэж буй нэмэлт хөрөнгө оруулалтын 28.14 хувийг студи, 57.20 хувийг нэвтрүүлэг бэлтгэх техник, тоног төхөөрөмж өргөтгөх, шинэчлэхэд, 14.66 хувийг барилга байгууламж болон бусад хөрөнгө худалдан авахад тус тус зарцуулдаг байна (нэмэлт хөрөнгө оруулалтын судалгаа 2014 оны эхний хагас жилийн байдлаар).

Зарим кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгч нь телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх хэмжээний хөрөнгө оруулалт хийж, техник тоног төхөөрөмжөөр хангагдсан, студийг тохижуулсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 тоот тогтоолоор батлагдсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн системийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчид 2014 оны эхний хагас жилийн байдлаар 8.1 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Кабелийн сувгийн 1 үйлчилгээ эрхлэгч дунджаар анхны хөрөнгө оруулалтыг 82-210 сая төгрөгөөр,  хамгийн ихдээ 1.1 тэрбум төгрөгөөр  хөрөнгө оруулалт хийсэн байна (хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн үйлчилгээ эрхлэгч хэдэн онд байгуулагдсан, тухайн оны инфляци, ханш зэргээс хамаарч байгааг анхаарна уу). Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчид үндэсний болон олон улсын стандарт шаардлага хангасан студийн тоног төхөөрөмж худалдаж авах, суурилуулалт хийх, тоноглох, өөрийн барилга байгууламж барих зэрэгт хөрөнгө оруулалтыг зарцуулалсан байна.

Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн 62.12 хувь нь өөрийн, 26.88 хувь нь зээлийн, 11.00 хувь нь бусад эх үүсвэрээс хөрөнгө оруулалтыг хийж үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн орлогын бүтэц

 

Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн сүүлийн 2 жилийн орлогын бүтцээс дүгнэхэд нийт орлогын 52-57 хувийг зар суртачилгаанаас, 7-8 орчим  хувийг захиалгат, ивээн тэтгэсэн нэвтрүүлгээс, 23-24 хувийг өөрийн бүтээл борлуулалтаас, 11-14 хувийг бусад  орлогоос тус тус  бүрдүүлж байна. 

Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн орлогын бүтцээс харахад телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн адил нийт орлогын 50 дээш хувийг зар суртачилгааны орлогоос бүрдүүлж байна. Мөн Монголд бүтээгдсэн агуулга, өөрсдийн төрөлжсөн чиглэлээр орлого бүрдүүлэх боломж нь маш бага байна. 

Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн улсын төсөвт төлсөн татварын хэмжээ  (мянган төгрөгөөр)

Төрөл

2012 он

2013 он

Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчид

545,124.9

719,255.8

Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчид улсын төсөвт  2012 онд 545.1 сая төгрөг төлсөн бол 2013 онд 719.2 сая төгрөг төлсөн байна. Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчид мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт улсын төсөвт төвлөрүүлсэн орлогын 0.5 хувийг эзэлж байна.Судалгаанаас дүгнэхэд ихэнх кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчид  алдагдалтай ажиллаж байна.

Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн хүний нөөцийн талаарх мэдээлэл (дунджаар)

Төрөл

2012 он

2013 он

Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгч

20

23

Судалгаанаас үзэхэд зөвхөн кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн нийт ажиллагсдын тоо нийт  620 орчим ажилтан албан хаагчидтай ажиллаж байна. Дунджаар кабелийн сувгийн 1 үйлчилгээ эрхлэгч 20-23 ажилтантай байгаагийн дотор радио холбоо, цахилгаан холбооны инженерүүд, сэтгүүлчид, техникийн ажилтнуудаас бүрдсэн хүний нөөцтэй байна гэсэн мэдээллийг ирүүлжээ.