Home / Articles / Хэт богино долгионы FM радио өргөн нэвтрүүлгийн...
Хэт богино долгионы FM радио өргөн нэвтрүүлгийн хэмжилт шалгалтын тухай
2015-05-15
Хэт богино долгионы FM радио өргөн нэвтрүүлгийн хэмжилт шалгалтын тухай Хэт богино долгионы FM радио өргөн нэвтрүүлгийн хэмжилт шалгалтын тухай

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт хяналтын албаны хяналтын инженер Д.Санжсүрэнтэй Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэт богино долгионы FM радиогийн өргөн нэвтрүүлгийн хэмжилт шалгалтын тухай ярилцлаа.

Танай байгууллага FM радиогийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хэрхэн хийдэг вэ?

Тус хорооноос хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хэмжилт шалгалтыг хийж гүйцэтгэдэг.

Төлөвлөгөөт шалгалтыг 2 жил тутамд хийдэг ба холбогдох байгууллагуудтай хамтран тусгай удирдамжийн дагуу “Харилцаа холбооны тухай хууль”, “Радио долгионы тухай хууль”, “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”, Радио давтамжийн тусгай зөвшөөрлийн гэрээний хэрэгжилт, тоног төхөөрөмжийн ашиглалтын байдалд үзлэг, шалгалт хийж зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Мөн радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн гэрээний хэрэгжилтийг  хангуулах зорилгоор хяналтын инженерүүд Метро бизнес төв болон Орбит дахь хяналтын төвөөс суурин хэмжилт шалгалтыг тогтмол хийдэг.

Төлөвлөгөөт бус хэмжилт шалгалтад тухайн аж ахуй нэгжээс ирүүлсэн албан тоот хүсэлтийг үндэслэн хэмжилтийг хийдэг. Шаардлагатай тохиолдолд хамрах хүрээ, тархалтыг тодорхойлох зорилгоор явуулын хэмжилтийг хийдэг.

FM радиогийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд дээр төлөвлөгөөт хэмжилт шалгалтыг хэзээ хийсэн  бэ?

Төлөвлөгөөт хэмжилт шалгалтыг 2 жил тутамд хийдэгтэй холбогдуулан 2014 оны 05-р сард Оюуны өмчийн газартай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 30 аж ахуй нэгж, байгууллагаас үйл ажиллагаа явуулж байсан 28 аж ахуй нэгж  хэмжилт шалгалтад хамрагдсан.

Хэмжилт шалгалтыг доорх чиглэлээр хийж гүйцэтгэсэн. Үүнд:

  • Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудыг тусгай хуваарийн дагуу Орбитод байрлах Радио долгионы хяналтын төв дээр FM радиогийн нэвтрүүлэх станцуудыг авчруулан баталгаажуулалтын хэмжилт хийсэн;
  • FM нэвтрүүлэх станц суурилуулсан байрлалд хэмжилтийг хийж Радио долгион хяналтын төвд хийсэн хэмжилттэй харьцуулсан;
  • Нэвтрүүлэх станц болон антен хоорондын кабель шугамын холболтыг шалгасан;
  • Студиэс нэвтрүүлэгч хүртэлх кабель шугамын хэмжилт болон холболтыг шалгасан;
  • Радио линк ашиглаж байгаа үйлчилгээ эрхлэгчдийн радио линкийн нэвтрүүлэх, хүлээн авах төхөөрөмжүүдийг хэмжиж шалгасан;
  • Хамрах хүрээний хэмжилтийг хийж, зориулалтын програм хангамжаар давхар тооцоолсон.

Дээрх хэмжилт шалгалтын дагуу ямар арга хэмжээ авч ажилласан бэ?

Төлөвлөгөөт хэмжилт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар шалгалтад хамрагдсан нийтаж ахуй нэгж байгууллагуудад  хугацаатай үүрэг даалгаврыг албан тоотоор хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан.

Хэмжилтэд хамрагдсан байгууллагууд нийтлэг ямар зөрчил дутагдал гаргадаг вэ?

Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгчийн үйлчилгээ эрхлэгчид нь нэвтрүүлэгчийн байршил антены өндөр сонгох талаар Зохицуулах хорооноос мэргэжлийн зөвлөгөө авалгүйгээр тоног төхөөрөмжөө суурилуулдаг. Ингэснээр нэвтрүүлэх антенууд нь ойрхон суурилуулсанаар интермодуляцид орж өөр бусад сүлжээ, үйлчилгээнд харилцан нөлөөлөл үзүүлдэг. Жишээ нь: Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн стандарт шаардлага хангахгүй тоног төхөөрөмж, ойрхон байрлаж буй антенаас үүссэн интермодуляциас болж Нисэх онгоцны радио холбоонд нөлөөлөл үүсгэж байсан. Мөн радио өргөн нэвтрүүлгийн нэвтрүүлэгчийн хоёрдогч болон гуравдагч гармоникоос үүссэн дохио нь телевизийн өргөн нэвтрүүлгийн дууны болон дүрсийн сигналд нөлөөлөл үзүүлэх тохиолдол гарч байсан. Мөн доорхи нийтлэг зөрчил дутагдал гардаг. Үүнд:

  • Радио тоног төхөөрөмжүүд стандартын дагуу газардуулга хийгддэггүй.
  • Цахилгаан тэжээлийн нөөц эх үүсгүүргүй.
  • Тоног төхөөрөмжийн холболт стандартын бус.
  • Нэвтрүүлэгчийн байршил өөрчилснийг тусгай зөвшөөрөлд тусгуулаагүй.
  • Нэвтрүүлэгчийн чадал болон марк, үзүүлэлтийг тусгай зөвшөөрөлд зааснаас өөрчилсөн.
  • Техникийн мэргэжлийн ажилтан хангалтгүй.
  • Студи болон тоног төхөөрөмжийн өрөө байранд хөдөлмөр аюулгүй байдлыг хангаагүй. /дээш гарах шат, бэхэлгээгүй, дуу чимээ тусгаарлалтгүй, эфирийн студид нэвтрүүлэгч байрлуулсан гэх мэт/ зэрэг нийтлэг дутагдлууд гардаг.                               

Зарим нэг газарт FM радиогийн нэвтрүүлэг шуугиантай сонсгол муу,   давхардан сонсогдож байна. Энэ нь юунаас болдог вэ?

Сонсголын чанар нь доорх хүчин зүйлээс шалтгаалдаг. Үүнд:

  • Өдөр тутмын хэмжилтийн дүнгээс харахад зарим нэг радио станцуудын ашиглаж буй нэвтрүүлэгчийн гаралт нь MNS 4909:2000 стандарт шаардлагыг хангахгүй байна. Хэрэв давтамжийн модуляцтай (FM) радио тус бүрийн зөөгч давтамжийн хазайлтын утга, давтамжийн шилжилт, эзлэх зурвасын өргөн нь стандартад заасан хэмжээг хангаж ажилласан тохиолдолд сонсголын чанар сайжирна.
  • Хэт богино долгионы радиог ихэвчлэн автомашинтай хүмүүс сонсдог ба Улаанбаатар хотын банк, Сүхбаатрын талбайн эргэн тойронд FM радионууд хоорондоо давхар сонсогдож байна гэсэн гомдол их ирдэг. Үүний шалтгаан нь Монгол Улсад явж буй ихэнх авто машин Япон Улсаас импортлогддог. Япон Улсын FM радио станцын ажиллах радио давтамжийн зурвас нь дэлхийн улс орнуудынхаас өөр байдаг. Тухайлбал: Дэлхийн ихэнх улс орон FM радиод 87.5-108.0 МГц зурвасыг төлөвлөдөг бол Япон Улс нь 76-90 МГц зурвасыг төлөвлөсөн байдаг. Японоос орж ирж байгаа машинуудад долгион хувиргагч авч тавихад 96.0-108.0 МГц–ийн хоорондох FM радиог л сонсдог. Түүнээс доош 87.5–96.0 МГц-ийн хоорондох долгионыг барьж чадахгүй. Энэ хувиргагчийг ашигласан тохиолдолд долгионууд нь байшин барилгын ойлт, троллейбусны шугамаас үүссэн цахилгаан соронзон долгионтой давхацсан шуугиан үүсэж, 1 суваг дээр хэдэн хэдэн  FM радио станцын долгионууд давхар сонсогддог. Өөрөөр хэлбэл стандартын бус төхөөрөмжөөр FM радиог хүлээн авч сонсож байна гэсэн үг юм.

Япон хөгжимд нэмж суулгадаг давтамж хувиргуурыг доор үзүүлэв

 

  • Мөн радио өргөн нэвтрүүлгийн студиэс нэвтрүүлэгч хүртэлх холболтод шаардлага хангахгүй радио линк ашиглаж байгаагаас шалтгаалан хэрэглэгчийн хүлээн авах дохионы чанарт муугаар нөлөөлдөг.

FM радиогийн нэвтрүүлэгч, антеныг хэрхэн суурилуулах талаар гаргасан зөвлөмж байдаг уу?

Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад зааснаар нэвтрүүлэгчийг (антеныг) нийтийн орон сууцны эзэмшил, сургууль, цэцэрлэгийн байранд байрлуулахыг хориглодог. Мөн Улаанбаатар хотын төвд төмөр караказ, шилэн байшин барилга ихтэй учир ойлтын дохио их үүсгэдэг. Иймээс их чадлын радио өргөн нэвтрүүлгийн антеныг суурилуулах тохиромжгүй юм. Иймд Зохицуулах хороо нь Сүхбаатарын  талбайгаас 1 км-ийн радиуст  FM радио өргөн нэвтрүүлгийн нэвтрүүлэгч (антеныг) суурилуулахыг хориглодог. Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нь нэвтрүүлэгчийн байршил антены өндөр сонгох талаар, мөн нэвтрүүлэгчийн чадал болон бусад стандарт үзүүлэлтүүдийг шалгуулах  талаар Зохицуулах хороонд хандаж, мэргэжлийн зөвлөгөө авч болно.