Харилцаа холбооны зохицуулах хорооноос интернетийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 59 аж ахуйн нэгж 2015 оны 01 сарын байдлаар үйл ажиллагаа явуулж байгаагаас 12 үйлчилгээ эрхлэгч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт, мөн 12 үйлчилгээ эрхлэгч нь Улаанбаатар хотод, 35 үйлчилгээ эрхлэгч нь хөдөө орон нутагт интернетийн үйлчилгээ хүргэж байна.
Тус хороо нь Мэдээлэл, харилцаа холбооны салбарын статистик мэдээ, мэдээллийг нэгтгэх ажлын хүрээнд интернэтийн үйлчилгээ эрхлэгчдээс бүртгэлтэй гэрээ бүхий интернет хэрэглэгчийн тоог 2014 оны жилийн эцсийн байдлаар нэгтгэж үзэхэд 227,735 хүрээд байна (Интернет хэрэглэгчийн тооны судалгаанд үүрэн телефон холбооны 3G сүлжээ ашиглан интернет ашиглаж буй хэрэглэгчийн тоо ороогүй болно). Өнөөдрийн байдлаар үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч Мобиком корпораци ХХК, Скайтел ХХК, Юнител ХХК, Жи-Мобайл ХХК-иудын 3G (GPRS, EDG, EVDO) сүлжээнд нийт хэрэглэгчийн тоо 2014 оны жилийн эцсийн байдлаар 1,734,414 хүрээд байна. Нийт интернет хэрэглэгчдийн 83.51 хувь нь Улаанбаатар хотод, 12.69 хувь нь аймгийн төвүүдэд, 3.80 хувь сумдын төвүүдэд байна. Харин интернетийн үйлчилгээний гадаад урсгалын хэмжээ 2014 оны жилийн эцсийн байдлаар 42 Gbps, дотоод урсгалын хэмжээ 29.5 Gbps байна. Мэдээлэл, харилцаа холбооны статистик мэдээ, мэдээллийн дүнгийн нэгтгэлээс харахад орон нутгийн интернет хэрэглэгчид хамгийн багадаа 128Kбит/сек буюу түүнээс дээш хурдтай, Улаанбаатар хотын интернет хэрэглэгчид хамгийн багадаа 512Кбит/с-ээс дээш хурдтай интернетийн үйлчилгээг ашиглаж байна.
Мөн Харилцаа холбооны зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл бүхий интернетийн үйлчилгээ эрхлэгчдээс ирүүлсэн 2014 оны жилийн эцсийн статистик тайлан мэдээ, мэдээллээс идэвхтэй интернет хэрэглэгчийн тоог Улаанбаатар хотод дүүрэг, хороогоор, орон нутгийн интернет хэрэглэгчийн тоог аймаг, сумаар тус тус гарган танилцуулж байна.
Улаанбаатар хотын интернет хэрэглэгчдийн тоо 2014 он /дүүрэг, хороо/
Орон нутгийн интернет хэрэглэгчдийн тоо 2014 он /аймаг,сумаар/