Home / Articles / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 4 дүгээр хуралдааны мэдээлэл
2015-05-11
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 4 дүгээр хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 4 дүгээр хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид ХХЗХ гэх)-ны 2015 оны ээлжит 4 дүгээр хуралдаан 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр болов. Тус хуралдаанаар нийт 11 асуудлыг хэлэлцэн хорооны 7 тогтоол, 2 тэмдэглэлийг тус тус батлан шийдвэрлэсэн болно.

Тус хорооны хуралдаанаар Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1.2, 9.1.10, 12.1.12,  “Радио долгионы тухай хууль-”ийн 7.1, тус хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 275 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг тус тус үндэслэн  Улаанбаатар хотод тоон радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх,  радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох “Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухай” 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2015 оны 16 тоот тогтоолыг гаргав. Уг тогтоолыг хэрэгжүүлснээр тоон радиогийн шинэ төрлийн DAB+ үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлэх, радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний чанарын хувьд өндөр дэвшил гарах ба тоон радиогийн өндөр чанар бүхий 18 хүртэл тооны стерео дууны болоод үсгэн мэдээлэл, замын ачааллын мэдээлэл, богино хэмжээний видео, цаг үеийн шуурхай мэдээллийг дүрсээр үзүүлэх буюу нэвтрүүлгийн дундуур урсдаг үсгэн мэдээллээр хүргэх зэрэг дэвшилтэт ололт, үйлчилгээг сонсогч хэрэглэгчдэд хүргэх боломжийг бүрдүүлнэ гэж ХХЗХ-ноос үзэж байгаа юм.

ХХЗХ-ны 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод нийтийн хэрэглээний харилцааны тоон радио транкинг станцын радио давтамж ашиглах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар хуралдаанаар шийдвэрлэв. Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1.10,“Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 7.4, “Радио долгионы тухай хууль”-ийн 7.1, тус хорооны Дүрмийн 2 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг, хорооны 2015 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэл болгож уг тогтоолыг батлан гаргасан болно. Харилцааны тоон радио станцын транкинг үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлснээр бага хэрэглээтэй болон улирлын хэрэглээтэй хувь хүн, байгууллагууд бүтэн жилээр радио давтамж ашиглах төлбөр төлөх; хэрэглэгч бүр тусдаа радио давтамж ашиглах зөвшөөрөл авах шаардлагагүй, үйлчилгээ эрхлэгчтэй гэрээ байгуулж харилцааны станц ашиглах; хэрэглэгчид харилцааны станц худалдан авах шаардлагагүй, үйлчилгээ эрхлэгчээс түрээсээр авч ашиглах; харилцан нөлөөллийн гомдол, маргааны тоо буурах; такси үйлчилгээ, барилга, харуул хамгаалалт, сүлжээ дэлгүүр, зочид буудлууд, хүргэлт үйлчилгээний байгууллагууд тус тусдаа харилцааны станцын дэд бүтэц байгуулах хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй ба үйлчилгээ эрхлэгчийн хамрах хүрээнд хаана ч ажиллах болно. Түүнчлэн үйлчилгээ эрхлэгч нь гэрээт байгууллагуудаа виртуал групп үүсгэх ба групп болгон өөр өөр түвшний үйлчилгээ авах; тоон технологи ашигласнаар ярианы нууцлал, үйлчилгээний чанарын хувьд дэвшил гарах боломжтой болно.

“Монгол Улсын хэмжээнд 25 ГГц, 26 ГГц болон 28 ГГц -ийн давтамжийн зурваст ажиллах радио релейний системийг зохион байгуулах шаардлага, сувгийн хуваарилалт”-ын баримт бичгийн төслийг хэлэлцэж, уг баримт бичгийг 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтаар батлав. Олон Улсын цахилгаан холбооны байгууллагын радио давтамжийн зохицуулалтын баримт бичигт (Radio regulation, Article 5) радио давтамжийн тодорхой зурвасуудыг дэлхийн улс орнуудын радио холбооны суурин үйлчилгээнд (радио релей) зориулан төлөвлөсөн байдаг. Энэхүү төлөвлөлтийг баримтлан Монгол Улсын радио давтамжийн төлөвлөлтөнд 24.5 ГГц - 26.5 ГГц мөн ГГц 27.5 ГГц -29.5 ГГц, 24.25 ГГц -25.25 ГГц мөн 25.27 ГГц -26.98 ГГц давтамжийн зурваст суурин үйлчилгээний  шууд харагдах зайн дунд болон их багтаамжийн радио релейний системийг зохион байгуулах ашиглалтын шаардлага, сувгийн хуваарилалтыг тус тус нарийвчлан боловсруулсан. Тухайлбал, давтамжийн 24.25 ГГц -25.25 ГГц, 25.25 ГГц -27.5 ГГц мөн 27.5 ГГц -29.5 ГГц зурвасыг суурин болон хөдөлгөөнт холбооны радио релейний сүлжээнд тоон болон аналог систем харгалзахгүй ашиглах, эдгээр зурвасуудыг бусад үйлчилгээнд нөлөөлөхгүйгээр зохицуулах, ямар ч системтэй зэрэгцүүлэн ашиглах боломжийг бүрдүүлэх, радио релейний сувгийн хуваарилалтыг мэдээллийн багтаамжаас хамааруулан 112МГц, 56МГц, 28МГц, 14МГц, 7МГц-ийн сувгийн өргөнтэй хуваарилах, зохицуулалтыг хийхээр тусгажээ.

Хорооны хуралдаанаар 2015 оны 3 тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор зарласан ХХЗХ/ФМ1/2015 тоот “Улаанбаатар хотод хэт богино долгионы радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-ын үр дүнгийн талаар Үнэлгээний комиссын дүгнэлтийг авч хэлэлцэв.  Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1.2, 14.3, “Радио долгионы тухай хууль”-ийн 11.4, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 7.4, тус хорооны Дүрмийн 3.2.2 дахь заалт, ХХЗХ/ФМ1/2015 тоот “Улаанбаатар хотод хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-ын үнэлгээний хорооны 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн санал, дүгнэлтийг тус тус үндэслэн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 19 тоот тогтоолоор шаардлага хангасан нэр бүхий 1 хуулийн этгээдийг (Улаанбаатар телевиз ХХК) сонгон шалгаруулсан болно. Уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд дээрх сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээдэд холбогдох тусгай зөвшөөрлийг олгох, гэрээг байгуулан ажиллахыг ажлын хэсэг, ажлын албанд үүрэг болгов. 

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 20 тоот тогтоолын хавсралтаар:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2, тус хорооны  Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудуудыг  үндэслэн 10 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг олгох;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, , Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2 дахь заалтуудыг үндэслэн 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  13.3, тус хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг үндэслэн 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  14.1, 14.1.5, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн журмын 8.1, тус хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг үндэслэн 1 хуулийн этгээдийн эзэмшиж байсан  тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
  • Тус хорооны 2015 оны 8 тоот тогтоолын 3 дугаар хавсралтаас “Говийн анир ХХК” хэсгийг хасахаар тус тус шийдвэрлэв.

Хуралдааны 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 22 тоот тогтоолыг тус хорооны Дүрмийн 3.2.6, байгууллагын 2014 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын ажлын хэсгийн санал, дүгнэлтийг тус тус үндэслэн гаргаж, тогтоолын хавсралтад заасан хорооны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ашиглалтын хугацаа дууссан, хэрэгцээ хангахгүй болсон нэр бүхий тавилга, эд хогшлууд; машин, тоног төхөөрөмжийг тус тус үндсэн хөрөнгөөс хасч актлах саналыг Төрийн өмчийн хороонд санал тавьж шийдвэрлүүлэхээр тогтов.

Мэдээллийн технологийн ололт, үйлчилгээ, цахим арга хэрэгсэл нь нийгэм, эдийн засгийн болон иргэдийн ажил, үйл ажиллагааны өдөр дутмын хэрэгсэл болж байна. Гэвч зарим үед и-мэйл болон бусад цахим харилцааны хэрэгслүүдээр хүлээн зөвшөөрөгдөөгүй, хүлээж авахыг хүсээгүй, хортой цахим мэдээлэл түгээх буюу спамд өртөх явдал газар авч байна. Спам нь бараа үйлчилгээг сурталчилсан энгийн цахим мэдээнээс эхлэн хөгжсөөр сүүлийн жилүүдэд  сурталчилгааны мэдээнээс илүү аюултай хэлбэрийг олж, хууран мэхлэх, сүлжээний ачааллыг ихэсгэн зарим тохиолдолд залилангийн хэлбэрийг олж вирус, малвэйр зэргийг түгээх арга зам болж байна. Иймээс цахим хэлбэрээр зар сурталчилгааг хүлээн авагчийн хүсээгүй үед хязгаарлалтгүйгээр илгээдэг байдлыг зохицуулахаар “Сурталчилгааны шинжтэй цахим шуудан болон цахим мессежний зохицуулалт”-ын баримт бичгийн төслийг боловсруулж, тус хорооны хуралдаанаар хэлэлцүүлэв. Хуралдааны үеэр хорооны гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийн дагуу дээрх чиглэлээр тусгайлан зохицуулалтын баримт бичиг гаргах шаардлагагүй, харин холбогдох зохицуулалт, нөхцөл шаардлагуудад нэмэлт, өөрчлөлт оруулан зохицуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж  үзээд, хуралдааны тэмдэглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгч, тухай бүр хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэж ажиллахыг үүрэг болголоо.

Тус хуралдаанаар холбогдох албадаас боловсруулсан “Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх улс хоорондын транзит урсгал дамжуулах үйлчилгээний өнөөгийн байдлын талаар танилцуулга”-ыг авч хэлэлцээд, хорооны хуралдааны тэмдэглэлээр уг үйлчилгээний талаар төрөөс баримтлах бодлогын чиглэлийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мэдээлийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас албан ёсоор авах, бодлогын чиглэлийн хүрээнд судалгаа хийх, зохицуулалтын арга хэмжээний саналаа хорооны хуралдаанд танилцуулахыг ажлын албанд даалгав.

 

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт,хавсралтыг үзнэ үү)