Home / Articles / “ШУУДАНГИЙН САЛБАРЫН ЗОХИЦУУЛАЛТ-2023” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ШУУДАНГИЙН САЛБАРЫН ЗОХИЦУУЛАЛТ-2023” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2023-11-15
“ШУУДАНГИЙН САЛБАРЫН ЗОХИЦУУЛАЛТ-2023” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА “ШУУДАНГИЙН САЛБАРЫН ЗОХИЦУУЛАЛТ-2023” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Тус хорооноос шуудангийн салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэдээ зориулан “Шуудангийн салбарын зохицуулалт-2023” зөвлөгөөн, сургалтын үйл ажиллагааг 2023 оны 11 дүгээр сарын 07-08-ы өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гаалийн ерөнхий газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ , МИАТ ХК, Улс хоорондын шуудангийн холбоо болон шуудангийн үйлчилгээ эрхлэгчдэд төр хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөлөл бүхий 120 оролцогч оролцлоо.

Тус зөвлөгөөнөөр дотоодын болон улс хоорондын шуудан тээвэрлэлт, хүргэлт, цахим худалдааны нөхцөл байдал, шуудангийн үйлчилгээний цахим шилжилт, шуудангийн болон гаалийн байгууллагын ажлын уялдаа холбооны талаар оролцогч талууд илтгэл тавьж,  өөрсдийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, гарц шийдэл, орчин үеийн шуудангийн үйлчилгээний чиг хандлага, хамтын ажиллагаа, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хүргэлтийн үйлчилгээний чанарыг сайжруулах мөн шуудангийн харилцан холболтын боломжийн талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, нээлттэй санал солилцсон юм. Үүнд:

·         Шуудангийн салбарын зохицуулалт

·         Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн хяналт

·         Монгол шуудан ХК-ийн шуудангийн үйлчилгээний талаар танилцуулга 

·         МИАТ ХК-ийн ачаа, шуудангийн тээвэрлэлтийн тухай

·         Авто вокзалуудад илгээмжийн ачааг хүлээн авах, хадгалах, тээвэрлэх, хүлээлгэн өгөх үйл ажиллагааны тухай

·         Ток ток ХХК “Нэг мөчид мянган хүргэлт”

·         Дроны технологи, хүргэлтийн үйлчилгээ

·         Улс хоорондын шуудангийн холбооны үйл ажиллагааны талаар

Зөвлөгөөний үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг “Дэлхий нийтээрээ байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийн технологийн шийдлүүдийг боловсруулан гаргаж, шинэ төрлийн инновацыг нэвтрүүлээд байгаа энэ үед цахим хөгжлийг дагасан хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ биднээс илүү хурдтай, найдвартай шинэлэг дэвшилттэй бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг шаардаж байна” гэж онцлон тэмдэглэсэн юм.

ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Цагаанхүү “Цахим худалдааны захиалга өсөж байгаатай зэрэгцэн хэрэглэгчийн гарт хүргэлт хийхэд шуудангийн хаягийн асуудал хүндрэлтэй байгаа энэ үед "3" ҮГТ хаяг буюу WHAT3WORDS буюу дэлхийн газрын гадаргууд З метрийн хэмжээтэй торлол үүсгэн тухайн дөрвөлжин тус бүрийг дахин давтагдашгүй З үгээр хаягжуулсан системийг ашиглаж эхэлсэн нь чухал ач холбогдолтой юм. Мөн цахим худалдааны бас нэг томоохон асуудал нь олон улсын төлбөр тооцооны асуудлын хүрээнд Apply Pay, Google Pay, Paypal зэрэг гадаад төлбөр тооцооны хэрэгслүүдийг нэвтрүүлэх тал дээр анхаарч, уг ажлыг хэрэгжүүлэхэд урт хугацааны гэрээ хэлцлийн асуудал явагдах тул хугацаа авах ч ойрын ирээдүйд шийдэгдэнэ гэдэгт итгэж байна” гэж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор Ази Номхон Далайн Шуудангийн коллежийн Зөвлөх багш Ануча Сүнлертсонфаг урьж,  шуудангийн үйлчилгээ эрхлэгчдэд 2 өдрийн  сургалтыг зохион байгууллаа. Сургалтад шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл бүхий 100 оролцогч оролцлоо. Үүнд:

·         Шуудангийн салбарын шинэчлэл

·         Цахим бизнес ба технологи

·         Цахим худалдааны шийдэл ба нийлүүлэлтийн сүлжээний менежмент

·         Олон улсын шуудангийн үйлчилгээ

·         Шуудангийн хүргэлтийн үйлчилгээний шинэ чиг хандлага

Энэ удаагийн сургалтын арга хэмжээ нь шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд ач холбогдол өндөр, үр дүнтэй сургалт болж өнгөрлөө. Монгол улсын шуудангийн салбар, цахим худалдаа, шуудангийн хүргэлтийн үйлчилгээний орчин үеийн чиг хандлагын онолын ойлголтыг практиктай хослуулсан цогц хэлбэрээр олгосон нь сургалтын онцлог байлаа.

 

ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР