Home / Articles / “ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ИРЭЭДҮЙ БА СОРИЛ БЭРХШЭЭЛҮҮД,...
“ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ИРЭЭДҮЙ БА СОРИЛ БЭРХШЭЭЛҮҮД, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ЗОХИЦУУЛАЛТЫН АСУУДЛУУД” СЭДВИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2023-06-29

Өргөн нэвтрүүлгийн бодлогын орчныг сайжруулах чиглэлээр Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо Бүгд Найрамдах Солонгос Улсын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт (KISDI)-тэй хамтран хэрэгжүүлж байгаа зөвлөх үйлчилгээний төслийн хүрээнд 2023 оны 6 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний ирээдүй ба сорил бэрхшээлүүд, хууль эрх зүй, зохицуулалтын асуудлууд” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 Тус сургалт, хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ны холбогдох мэргэжилтнүүд болон БНСУ-ын зөвлөх судлаачдын багийн төлөөлөл бүхий 30 хүн оролцож, өргөн нэвтрүүлгийн техник технологийн хөгжил, үйлчилгээний чиг хандлага, зах зээлийн нөхцөл байдал, түүний үнэлгээ болон хууль эрх зүйн орчин, бодлого, зохицуулалтын асуудлуудын талаар нээлттэй хэлэлцэж харилцан туршлага судаллаа.

 Уг арга хэмжээний хүрээнд тус хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын дарга болон холбогдох бусад газрын дарга, мэргэжилтнүүд KISDI институтээс хүрэлцэн ирсэн зөвлөх багийг хүлээн авч уулзалт зохион байгуулсан.

Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооноос өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалтын орчныг сайжруулах зорилгоор Монголын телевизүүдийн холбоо, Монголын арилжааны телевизүүдийн дуун холбоо, Монголын олон суваг дамжуулагчдын холбоо зэрэг салбарын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөллийг KISDI-ын судалгааны багтай уулзалт ярилцлага хийх ажлыг зохион байгуулан ажиллалаа.