Home / Articles / “ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ТУЛГАМДАЖ БУЙ CУУДАЛ,...
“ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ТУЛГАМДАЖ БУЙ CУУДАЛ, ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-01-20
“ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ТУЛГАМДАЖ БУЙ CУУДАЛ, ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ТУЛГАМДАЖ БУЙ CУУДАЛ, ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, өнөөгийн байдал”  сэдэвт  хэлэлцүүлгийг өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болох радио, телевиз, олон сувгийг дамжуулах үйлчилгээ  эрхлэгчдийн төлөөллийг оролцуулан 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт ЦХХХЯ, ХХЗХ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газар,  радио, арилжааны телевизүүд, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл,  Монголын олон суваг дамжуулагчдын холбоо ГҮТББ, Монголын арилжааны телевизүүдийн Дуун холбоо ГҮТББ, Орон нутгийн телевизүүдийн “Гал хөгжил” холбоо Монголын ФМ радиогийн нэгдсэн холбоо ГҮТББ, Монголын оюуны өмчийг хамгаалах холбоо ТББ, иргэний төлөөлөл зэрэг нийт 70 гаруй төлөөлөл оролцлоо. Тус хэлэлцүүлэгт оролцсон талуудаас Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдлын хүрээнд тус тусын тулгамдаж буй асуудлаа танилцуулж, шийдвэрлэх шаардлагатай асуудал, санал шүүмжлэлийг чөлөөтэй хэлэлцэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийллээ.

 

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр УИХ-аар батлагдаж, 2020 оны 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээс хойш 2 жил 6 сарын дараа хуулийн хэрэгжилтийг эргэн харж, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдлыг Зохицуулах хорооны зүгээс танилцуулж, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, холбогдох талууд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилт, тус тусын тулгамдаж буй асуудлаа өргөн хүрээтэй хэлэлцэж байгаа нь  цаашид өргөн нэвтрүүлгийн салбарт шударга өрсөлдөөнийг дэмжин хамгаалах, салбарын зохистой хөгжлийг хангах чиглэлээр хууль тогтоомжоо эргэн харж, сайжруулах чиглэлээр ажиллахад ач холбогдолтой арга хэмжээний нэг боллоо гэж үзэж байна.

Тус хэлэлцүүлэгт тавьсан илтгэл, оролцогч талуудын зүгээс тавьсан асуудал, санал шүүмжлэлүүдээс цаашид анхаарах асуудлыг нэгтгэн товч дүгнэвэл:

-       Юуны өмнө хуулийн хэрэгжилтийг бүх талууд хангаж ажиллахад анхаарах шаардлагатай байна. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдахад Зөрчлийн тухай хуульд дагаж нэмэлт, өөрчлөлт ороогүй байгаа нь хуулийн хэрэгжилтийг оролцогч талуудад бүрэн хангуулахад учир дутагдалтай байдлыг үүсгэхэд нөлөөлж байна. Иймд нэн тэргүүнд үүнд анхаарал хандуулж, Зөрчлийн тухай хуульд хариуцлагын тогтолцоог тусгахад анхаарах;

-       Ялангуяа өргөн нэвтрүүлгийн телевизүүд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар давуу эрхтэй, тухайлбал олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн үндсэн багцын эхэнд байршдаг, ОСДҮЭ-ийн үндсэн багц дахь өргөн нэвтрүүлгийн телевизийн орлогоос тодорхой хувийг авч байгаагийн хувьд хөтөлбөртөө хуулиар хүлээсэн нэмэлт шаардлагуудаа бүрэн хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна.

-       Телевизүүд соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, өргөн нэвтрүүлгийн бүтээл үйлдвэрлэл, ялангуяа үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх соёл, танин мэдэхүй, хүүхдийн нэвтрүүлгийг сайжруулах, дэмжин хамгаалахад анхаарах зарчмыг цаашид ч хууль тогтоомжоо эргэн харах, сайжруулахдаа баримталсан хэвээр байх болно;

-       Цаашид өргөн нэвтрүүлгийн хууль, тогтоомжийг эргэн харж сайжруулахад өргөн нэвтрүүлгийн салбарт үзэгч олон нийтэд дотоод, гадаадын олон суваг мэдээллийн их урсгалыг хүргэж байгаа олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн болон олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэж байгаа гол хэрэгсэл болсоор ирсэн радио, телевизүүдийн оруулсан хөрөнгө оруулалтыг хамгаалахад мөн анхаарах ёстой гэж үзэж байна;

-       ОСДҮЭ-д МТВ холбоонд өргөн нэвтрүүлгийн телевизийн хөлс төлж байгаа боловч нөгөө талаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасанчлан татвар ногдох орлогоос хасагдахгүй байгаа нь мөн л холбогдох хуулийн нийцлийг хангаагүй байдал харагдаж байна. Иймд Татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ажиллах шаардлага байна;

-       Бусад хууль хоорондын нийцлийг ч мөн хангуулах- Үүнд: Өрсөлдөөний тухай хууль, Зөрчлийн тухай хууль гм. 

-       Радио, телевиз, ОСДҮЭ бүх талууд оюуны өмчийг дээдэлж, албан ёсны зөвшөөрөлтэй бүтээл, нэвтрүүлэг нэвтрүүлэх,  албан ёсны зөвшөөрөлтэй сувгуудыг дамжуулдаг байх нь салбарт шударга өрсөлдөөнийг дэмжин хамгаалах, бүтээл үйлдвэрлэлийг дэмжихэд чухал хүчин зүйл бөгөөд зайлшгүй анхаарах асуудал юм. Иймд ОӨГ, ХХЗХ-той хамтран хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хуулийг эргэн харахад хэрэгжилтийг хангуулахад  шаардлагатай ямар харилцаа, асуудал байна гэдгийг мөн анхаарах, оюуны өмчийг хамгаалах асуудлаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд  нарийвчлан тусгах асуудлуудын талаар анхаарч авч үзэх;

-       МТВ холбоо нь Нийтийн эрхзүйн хуулийн этгээдийн хувьд тус Холбооны гишүүнчлэлийн асуудал, МТВ холбоо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар ӨНТВ хөлс авч байгаагийн хувьд холбооны дүрэм, гишүүддээ хөлсийг хэрхэн хуваарилж байгаа журам, орлогын хуваарилалт хэрхэн хийсэн аудитын тайлан зэргийн талаарх мэдээллийг ил тод болгох;

-       Ер нь МТВ холбоо нь Нийтийн эрхзүйн хуулийн этгээд хэлбэрээр явах нь оновчтой эсэх талаас мөн эргэн харах шаардлагатай;

-       Телевизүүдийн сувгийн дарааллыг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар эрэмбэлсэн нь шударга өрсөлдөөнд нөлөөлж байна гэх гомдлыг нухацтай авч үзэх, сувгийн дарааллыг хуулиар эрэмбэлэх нь зөв үү, ер нь сувгийн дарааллыг байрлуулах зарчмыг эргэн харах зайлшгүй шаардлага байна.

-       ӨНТВ хөлсний асуудал- МТВ холбоонд төлдөг ОСДҮЭ-ийн орлогод хамаарах өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээнд ногдох орлогын  15%-иас доошгүй авахаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасан хөлс болох 2500 төгрөгийг цаашид хэрэглэгчийн нуруун дээр шууд үүрүүлэхгүйн тулд ОСДҮЭ-ийн орлогоос авч байгаа эсхүл хэрэглэгчээс шууд татан дамжуулан өгч байгаа хөлс мэт байгаа тодорхойгүй асуудлыг хууль тогтоомжид маш тодорхой болгох;

-       Монголын Арилжааны телевизүүдийн Дуун холбооноос тавьж байгаа асуудал болох ӨНТВ хөлсийг өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд төлж байгаа нь салбарт шударга бус өрсөлдөөнд нөлөөлж ялгавартай хандаж байгаа гэх асуудлыг нарийвчлан судалж, хуульд өөрчлөлт оруулахдаа авч үзэх;

-       Цаашид  үзэгч, хэрэглэгчдийн хувьд ялгарахгүй байгаа гэх өргөн нэвтрүүлгийн телевиз, арилжааны телевиз гэсэн ялгаатай ангилал байх уу, ийм ялгаатай ангилал байхгүй гэж гэж үзвэл өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй хүргэх үүднээс ОСДҮЭ-д ямар ч төлбөр төлөхгүй, агаараас хүлээн авах боломжтой байх телевизүүдэд ямар телевиз орох, хэрхэн сонгох зэрэг асуудлуудын бүхий л талыг харж судлах;

-       Орон нутгийн телевизүүд орон нутгийнхаа иргэдийн мэдэх эрх, орон нутгийнхаа мэдээ, мэдээллийг авах эрхийг хангаж ажилладгийн хувьд орон нутгийн телевизүүдээ зайлшгүй дэмжих, тэдний онцлогийг хууль тогтоомж эргэн харахдаа харгалзан үзэх, МТВ холбоонд гишүүнчлэлээр элсэхэд талууд анхаарах;

-       Радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн одоо ашиглаж байгаа давтамжийн хуваарилалтын байдлыг зайлшгүй эргэн харах шаардлагатай байна. Сонсогчдын ихэнх хувийг эзэлсэн япон машинд сонсголтой 4 радио, бусад нь боломжгүй байгаа нь шударга өрсөлдөөнд нөлөөлж байгаа асуудлыг анхаарч, шийдвэрлэх, шударга өрсөлдөөнийг хангах чиглэлээр давтамжийн зохицуулалт хийх асуудлаар тодорхой шийдэлд хүрч, арга хэмжээ авах- Зохицуулах хороо;

-       Хууль тогтоомжийг эргэн  харахдаа Харилцаа холбооны зохицуулах хорооны хараат бус байдал, Хорооны гишүүдийн томилгооны ил тод байдлыг тусгах, цаашид өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зохицуулалт хийхдээ техник,  технологийн дэвшил, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага зэргийг харгалзан аль болох бизнесийн үйл ажиллагаанд хэт оролцохгүй байх зарчмыг баримтлах.

Зохицуулах хорооны зүгээс уг хэлэлцүүлгийн хүрээнд хөндөгдсөн асуудал тус бүрийг нарийвчлан судалж, үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган ажиллах, үйлчилгээ эрхлэгчидтэйгээ тухайн асуудал бүрээр уулзалт, хэлэлцүүлэх хийх, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн

хэрэгжилтийг олон нийтэд мэдээлэх арга хэмжээ авч ажиллах болно.