Home / Articles / МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ХИЛИЙН ЧАНАДААС ОРУУЛАХ...
МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ХИЛИЙН ЧАНАДААС ОРУУЛАХ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛНА
2023-06-28

МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ХИЛИЙН ЧАНАДААС ОРУУЛАХ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛНА

 

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хуулиудад заасан эрх үүргийн хүрээнд Мэдээлэл харилцаа холбооны тоног төхөөрөмжийг баталгаажуулах үйл ажиллагаа явуулдаг. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн дагуу Үндэсний итгэмжлэлийн төвөөс “Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээг баталгаажуулах байгууллагад тавих шаардлага MNS ISO/IEC 17065:2013” стандартын дагуу итгэмжлэгдсэн.

Монгол Улсын Засгийн газрын “Жагсаалт, журам шинэчлэн батлах тухай” 2018 оны 291 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Тохирлын үнэлгээнд заавал хамруулах бүтээгдэхүүн үйлчилгээний жагсаалт”,  2 дугаар хавсралтаар ”Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэх журам”-ыг тус тус баталсан ба БТКУС /барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем/ 85 дугаар бүлгийн 85.17, 85.25, 85.26, 85.27, 85.28 дугаар зүйлд хамаарах мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжүүд хамаардаг.

Дээрх жагсаалтад багтаж буй тоног төхөөрөмжийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд заавал баталгаажуулалтад хамруулж тохирлын гэрчилгээ авсан байх шаардлагатай.

Сүүлийн жилүүдэд Монгол улсын нутаг дэвсгэрт хилийн чанадаас оруулах харилцаа холбооны тоног төхөөрөмжийн хяналтыг сайжруулах, холбогдох хууль тогтоомж, техникийн зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд тус хороо нь Монгол Улсын Гаалийн ерөнхий газартай хамтран ажиллаж байна.

 

Уг ажлын хүрээнд тус хорооны төлөөллүүд Гаалийн ерөнхий газрын Хяналт бүрдүүлэлтийн газрын албан хаагчидтай уулзалт зохион байгуулан баталгаажуулаагүй тоног төхөөрөмжийн хил дээрх болон дараах хяналтыг хэрхэн сайжруулах нөхцөл боломжийн талаар хэлэлцсэн.

Улмаар Гаалийн ерөнхий газартай хамтран “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалт”, “Радио давтамжийн хууль бус хэрэглээ, харилцан нөлөөлөл” сэдвүүдээр 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтад Улаанбаатар хот дахь гаалийн газар, Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 30 албан хаагчийг танхимаар, 55 албан хаагчийг цахимаар оролцуулсан.

Сургалтын явцад тохирлын үнэлгээнд хамрагдаагүй радио төхөөрөмжийг дотоодын зах зээлд нийлүүлэхээс хамгаалах нь хуурамч тоног төхөөрөмжийн цацаргалтаас үүдэлтэй хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учруулах сөрөг нөлөө, харилцаа холбооны сүлжээнд үзүүлэх харилцан нөлөөллөөс сэргийлэх зэрэг ач холбогдлыг танилцуулсан ба хуулиар хориглосон тоног төхөөрөмжийг зах зээлд нэвтрүүлсэнээс үүдэн гарч буй асуудлуудыг дурдан, хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Цаашид тус хороо нь Гаалийн ерөнхий газартай хамтран Монгол Улсын хилийн боомтуудад сургалт зохион байгуулах ба Монгол Улсын нутаг дэвсгэрт хилийн чанадаас оруулах харилцаа холбооны тоног төхөөрөмжийн хяналтыг сайжруулах арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.