Хөрш орнуудын харилцаа холбооны удирдах байгууллагуудад тулгардаг нэг асуудал нь хил орчмын бүс нутагт радио давтамжийг харилцан нөлөөлөлгүй ашиглах шаардлага юм. Дэлхийн радио холбооны дүрмийн 6 дугаар бүлэгт хөрш улс орнуудын харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагууд хооронд хил орчим ашиглах радио давтамжийн зохицуулалтын уулзалт хийх шаардлагын талаар заасан байдаг.
Энэ зорилгын хүрээнд 2024 оны 5-р сарын 21-нээс 5-р сарын 23-ны өдрүүдэд Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хооронд хил орчимд ашиглах радио давтамжийн зохицуулалтын 4 дэх удаагийн уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдаж, радио давтамжийн 703-748/758-803 МГц, 880-915/925-960 МГц, 1710-1785/1805-1880 МГц, 2300-2400 МГц, 2500-2690 МГц, 1920-1980/2110-2170 МГц, 3300-3800 МГц зурвасуудад газрын хөдөлгөөнт, газрын хөдөлгөөнт бус үйлчилгээний зохицуулалтын асуудлуудыг хэлэлцэв.
Хэлэлцүүлгийн явцад талууд хил орчмын радио давтамжийн зурвасуудын хуваарилалт, хэрэглээний талаар мэдээлэл солилцож, хил орчмын бүс нутагт хоёр улсын радио давтамжийн хяналтын үйл ажиллагаа, хийсэн хэмжилт шалгалтын үр дүнд илэрсэн радио давтамжийн харилцан нөлөөллийн талаар танилцууллаа.
Радио давтамжийн 703-748/758-803 МГц, 880-915/925-960 МГц, 1710-1785/1805-1880 МГц, 2300-2400 МГц, 2500-2690 МГц, 3300-3800 МГц зурвасуудын зохицуулалтын арга механизмыг дахин судлах, тухайлбал нэвтрүүлэгчийн цацаргаж байгаа цахилгаан соронзон орны хүчилгийн (E) хилийн зурвас дахь босго утгыг тохиролцох ба энэ удаагийн уулзалтаас хойш 6 сарын хугацаанд хоёр тал хилийн зурваст туршилтын хэмжилт хийж, мэдээлэл солилцон санал нийлсэн тохиолдолд гэрээ байгуулах боломжтой гэж тохирлоо.
Энэ удаагийн хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс болон БНХАУ-ын харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагууд хооронд радио давтамжийн 1920-1965/2110-2155 МГц зурвасыг хил орчмын бүс нутагт газрын хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд ашиглах тухай гэрээнд гарын үсэг зурлаа.