Home / Articles / Малайз Улсын Харилцаа холбоо, Мультимедиаг Зохицуулах хороотой...
Малайз Улсын Харилцаа холбоо, Мультимедиаг Зохицуулах хороотой харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
2024-05-24
Малайз Улсын Харилцаа холбоо, Мультимедиаг Зохицуулах хороотой харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа Малайз Улсын Харилцаа холбоо, Мультимедиаг  Зохицуулах хороотой харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

 

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн бөгөөд Ажлын албаны дарга А.Лувсан-Очир, Интернэтийн сүлжээ, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Чулуунбат, Судалгаа, шинжилгээний хэлтсийн дарга Ч.Оюунгэрэл, Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Алтай, Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Нямдулам нарын төлөөлөгчид 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Малайз Улсын  Куала Лумпур хотноо айлчилж, тус улсын Харилцаа холбоо, Мультимедиаг зохицуулах хороо (MCMC)-ны үйл ажиллагаатай танилцан цаашид хамтран ажиллах, санал солилцох уулзалт хийв.

Уулзалтын дараа ХХЗХ-ны Ажлын албаны дарга А.Лувсан-Очир, Малайзын MCMC-ийн Удирдах захирал эрхэм хүндэт Дато ' Мохд.Али Ханафиа Мохд Юнус нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уулзалтын хүрээнд ХХЗХ-ны зүгээс Монгол Улсын харилцаа холбооны болон цахим шилжилтийн үеийн бодлого, зохицуулах байгууллагын үйл ажиллагаа, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж, зах зээл, онлайн орчны зохицуулалтын талаарх мэдээллийг танилцууллаа. Харин Малайзын зохицуулах байгууллагын зүгээс үйл ажиллагааны ерөнхий мэдээллээс гадна Онлайн контентын зохицуулалт, сошиал платформуудтай хамтран ажиллаж буй туршлага, Яаралтай тусламжийн нэгдсэн дугаарын зохицуулалт, Гар утасны дугаарын бүртгэлийн зохицуулалт, Үүрэн холбооны операторууд сүлжээ, дэд бүтцээ хамтран ашиглах чиглэлээр хэрэгжүүлж буй санаачилга, туршлага, Дараа үеийн сүлжээний харилцан холболтын үед баримталж буй зарчим, Малайз улс дахь Телевиз үзэлтийн хэмжилтийн өнөөгийн нөхцөл байдал сэдвүүдээр мэдээлэл танилцуулж, харилцан санал, туршлага солилцлоо.

Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд харилцаа холбоо, өргөн нэвтрүүлэг, шуудангийн үйлчилгээний бодлого, зохицуулалт, радио спектрийн удирдлага, дижитал холболт, өгөгдлийн дэд бүтцийн зохицуулалт, шударга өрсөлдөөн, зах зээлийн хөгжлийг дэмжих, цахим орчны контентын зохицуулалт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, сүлжээ үйлчилгээний чанарын стандарт, сүлжээний аюулгүй байдал, интернэтийн засаглал зэрэг чиглэлүүдээр мэдээлэл, сайн туршлагыг солилцох, санаачилга, төслүүд дээр хамтран ажиллах, уулзалт, сургалт зөвлөгөөн зохион байгуулахаар харилцан тохиролцов.