Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7.а хэсэгт заасны дагуу Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио телевизийн хөтөлбөрийн дүрмийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 62 дугаар тогтоолын хавсралтаар батлан гаргасан.
Тус дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1. дэх хэсэгт заасны дагуу Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч нь хүүхдийг эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд тэгш оролцох хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, үндэсний уламжлалт зан заншил, ёс суртахуун, үнэт зүйлд тулгуурлан хүүхдийн нас, бие, сэтгэхүйн хөгжлийн онцлогт тохирсон, мэдээллээр хангах зарчмыг баримтлах үүрэгтэй юм.
Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 01 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлагын 4.1, 4.2, 4.7 дах хэсэгт тус тус заасны дагуу Телевизийн үйлчилгээ эрхлэгч нь Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах зорилгоор редакцын хяналтыг бүрдүүлэх, кино, нэвтрүүлгийг нэвтрүүлэхээс өмнө зохисгүй контент бүхий зураг, дуу, авиа, дүрс бичлэг болон бүдүүлэг, доромж үг хэллэг байгаа эсэхийг хянах, байгаа тохиолдолд тус хэсгийг хасах, сингал ашиглах, дүрсийг бүдгэрүүлэх зэрэг арга хэмжээ авах үүрэгтэй бөгөөд насанд хүрэгчдэд зориулсан кино, нэвтрүүлгийг 06:00-22:00 хооронд нэвтрүүлэхийг тус нөхцөл шаардлагаар хориглосон байдаг.
2022 онд Харилцаа холбооны зохицуулах хороонд хүүхдэд зохисгүй агуулга нэвтрүүлж байж болзошгүй тухай нийт 14 гомдол ирсэн ба эдгээр гомдлыг агуулгаар нь ангилж үзвэл
1. Хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дутмаг байдаг тухай
2. Насанд хүрэгчдэд зориулсан кино, нэвтрүүлгийг 06:00-22:00 цагийн хооронд нэвтрүүлж байгаа тухай
3. Кино, нэвтрүүлгийн үеэр хараалын үг хэллэгийг ихээр ашигладаг бөгөөд гадаад контентыг орчуулан хүргэхдээ хараалын үгийг тэр чигт нь орчуулж хэлдэг тухай гомдлууд байгаа юм.
Иймд Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах зорилгоор Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч та бүхэнд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
1. Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.7-д заасны дагуу Насанд хүрэгчдэд буюу 18-аас дээш насныханд зориулсан кино, нэвтрүүлгийг 06:00-22:00 цагийн хооронд нэвтрүүлэхгүй байх
2. Шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.2 дах хэсэгт заасны дагуу зохисгүй контент бүхий зураг, дуу, авиа, дүрс бичлэг болон бүдүүлэг, доромж үг хэллэг байгаа эсэхийг хянаж, зохисгүй агуулга бүхий хэсгийг хасах, дууг хаах, дуут сигналаар орлуулах, дүрсийг бүдгэрүүлэх зэрэг техникийн хязгаарлалт хийх арга хэмжээ авах, Ялангуяа орчуулгын киноны дундуур хараалын зохисгүй үг хэллэг ихээр гарч байгааг анхаарах.
3. Мөн шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт кино, нэвтрүүлгийн агуулгад насны ангилал тогтоож, насны ангиллын тэмдэг, тэмдэглэгээг ашиглах
4. Шаардлагын 3 дугаар зүйлийн 3.10.2 3.10.3 дах хэсэгт тус тус заасны дагуу хүүхдэд зориулсан шинэ бүтээл болон нэвтрүүлгийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах
5. Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио телевизийн хөтөлбөрийн дүрмийг мөрдөн ажиллаж, хүүхдэд зохисгүй агуулгуудыг нэвтрүүлэхгүй байхад анхаарч ажиллана уу.