Home / Articles / Ази, номхон далайн шуудан холбоо шуудангийн стратегийн...
Ази, номхон далайн шуудан холбоо шуудангийн стратегийн сургалтыг зохион байгууллаа
2023-06-16

Ази, номхон далайн шуудан холбоо (APPU) нь 2023 оны 05 дугаар сарын 15-аас 06 дугаар сарын 02-ны хооронд шуудангийн салбарын шинэ техник, технологи, удирдах стратегийн гурван долоо хоногийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтын хүрээнд 05 дугаар сарын 22-26-ны хооронд буюу сургалтын хоёр дахь долоо хоногт Цахим стратегийг удирдах нь (DDS) болон Шуудангийн байгууллагын санхүүгийн салбарын оролцоо ба санхүүгийн үйлчилгээ (FIPFS) сэдвээр тусгай семинарууд зохион байгуулагдсан.

Уг сургалтад Ази, Номхон далайн шуудан холбооны гишүүн орнууд болох Бангладеш, Бутан, Хятад, Энэтхэг, Индонези, Мальдив, Папуа Шинэ Гвиней, Пакистан, Шри Ланка, Тайланд, Вьетнам зэрэг 12 орны 19 оролцогчид хамрагдан Монгол Улсыг төлөөлж Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн У.Есөнтөмөр оролцов.

Сургалтаар онол, практикийн мэдлэгийг өгөхийн тулд Тайландын Хаант улсын шуудангийн Thailand Post болон True Money компаниудын зочин илтгэгчид өөрсдийн мэдлэг, туршлагаа биечлэн хуваалцсан бол Олон улсын шуудангийн технологи, стратегийг чиглүүлэгч Escher группын Броди Бухлер болон IPC-ийн Карлос Иверсен зэрэг мэргэжилтнүүд цахим хэлбэрээр оролцож, шуудангийн байгууллагын чиг хандлага, цахим худалдаанд гүйцэтгэх үүрэг, өөрчлөлтөд дасан зохицож, удирдах талаар мэдээллийг хүргэсэн. Сургалт дараах сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдсан. Үүнд:

·         Тайланд Улсын шуудангийн байгууллагын танилцуулга, шинэ технологи;

·         Олон Улсын шуудангийн байгууллагуудын кэйс судалгаа;

·         Шуудангийн салбарт цахим технологийн нэвтрэлт;

·         Цахим технологийн стратеги боловсруулах, түүний чиглүүлэх;

·         Нисгэгчгүй нисэх, төхөөрөмж (Дрон)-ийн технологи, шуудангийн салбарт нэвтрүүлэх нь;

·         Шуудангийн автомат ялган боловсруулах төвийн танилцуулга;

·         Тогтвортой хөгжил, ногоон шуудангийн үйлчилгээг нэвтрүүлж буй улс орнуудын туршлага;

·         Huawei Asean Academy – технологийн танилцах аялал;

·         PDDP (Postal delivered duties paid – Гаалийн татварыг худалдан авах үед тооцоолж, төлөх) шинэ хандлагын танилцуулга.

Ази, номхон далайн шуудан холбоо (APPU) нь цаашид гишүүн орнуудын төлөөлөгч, оролцогчдын суралцах боломж сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй төр, хувийн шуудангийн байгууллага, салбарын зохицуулагчид болон улсаа төлөөлөн хамрагдсан оролцогчдод талархал илэрхийлж, биечлэн туршлага хуримтлуулах, бодитой ойлголт өгөх, улс орнуудын шуудангийн салбар дахь өсөлтийг дэмжих, шинэ стратеги, бодлого тодорхойлох боломжийг эрэлхийлэхээ мэдэгдэв.